ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-09 12:13:05
ЦИНДАО. /РИА Новости/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д оролцогч улсуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Хятадын Шаньдун мужийн Циндао хотод эхэлж байна. 18 дахь удаагийн тус уулзалт нь ШХАБ-д Энэтхэг болон Пакистан улс нэгдэн орсноос хойш анх удаа болж байгаа юм.

Дээд хэмжээний уулзалт албан ёсоор 9-нд эхэлж байгаа. Гэхдээ энэ өдөр Циндаод хүрэлцэн ирж буй улс орнуудын удирдагчидтай хоёр талын уулзалтууд хийх юм. ШХАБ-ын гишүүн орнуудаас гадна ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүнүүд хоёр талын харилцаа, бүс нутаг хийгээд олон улсын асуудлаар санал бодлоо солилцох боломжтой юм.

Түүнчлэн өнөөдөр орой болох хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин уулзалтад оролцогчдод болон зочдод мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Харин ням гарагт буюу маргааш ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүдийн зөвлөлийн хуралдаан болох бөгөөд энэ үеэр тус байгууллагын ойрын жилүүдийн хөгжлийн чиг хандлагуудыг тодорхойлох олон тооны баримт бичигт гарын үсэг зурах аж. Уулзалтын үеэр талууд ШХАБ-ын үйл ажиллагааг сайжруулах цаашдын алхмуудыг хэлэлцэхийн сацуу аюулгүй байдал, терроризмтай тэмцэх, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг эн тэргүүний чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудлуудыг авч хэлэлцэх төлөвтэй байна хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь дурдаж байсан юм.

ШХАБ нь 2001 оны 6 дугаар сарын 15-нд байгуулагдаж байсан юм. Одоогоор Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Казахстан, Киргизстан, Тажикистан болон Узбекистан улс нь ШХАБ-ын гишүүн орнууд бол  Беларусь, Афганистан, Иран болон Монгол улс нь ажиглагч орны статустай юм. Үүнээс гадна Армени, Шри Ланка, Непал, Камбож, Турк болон Азербайжан улсууд нь ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орнууд юм. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ