А.С Пушкины мэндэлсний 219 жилийн ой, "Олон улсын Орос хэлний өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-06 18:40:28
Улаанбаатар/МОНЦАМЭ/ ОХУ-ын Аугаа их нэрт яруу найрагч А.С Пушкины мэндэлсний 219 жилийн ой, "Олон улсын Орос хэлний өдөр" өнөөдөр тохиож байна.

Энэ хүрээнд Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвөөс “Орос хэлний өдөр”-ийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт хот, хөдөөгийн ЕБС-иудын багш, сурагч нийлсэн 100 гаруй зочин, төлөөлөгч оролцов.
ОХУ-ын “Россотрудничество”  агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Т.Ч Будаева, “Орос хэлийг Монгол түмэнд түгээн дэлгэрүүлэхэд энэхүү өдөрлөгийн ач холбогдол оршино. Орос хэлний өдрийг 2010 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ удаад Улаанбаатар хот болон орон нутгийн сургуулиуд нэгдэж өдөрлөг зохион байгуулж байгаагаараа онцлог юм” гэлээ.

Өдөрлөгийн үеэр сурагчдын жүжигчилсэн тоглолт, Орос үндэсний хоолны танилцуулга болон гар  урлалын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэжээ. Мөн бага болон дунд ангийн сурагчдын дунд зарласан “А.С Пушкины үлгэрээр аялах нь" сэдэвт гар зургийн уралдааны ялагчийг тодруулав.

Соёл болон хэлний олон хэлбэрийг хөгжүүлэх үүднээс жил бүрийн энэ өдрийг "Олон улсын Орос хэлний өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг НҮБ 2010 оны 2 дугаар сард гаргасан байна. НҮБ-ын албан ёсны 5 хэлний нэг болох Орос хэлээр дэлхийн 260 сая хүн ярьдаг гэсэн судалгаа гарчээ.

О.Болорцэцэг
Холбоотой мэдээ