БХБЯ ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 25, хүүг 7 хувь болгох саналыг Засгийн газарт тавьсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-05 13:18:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ болон ТОСК, үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани, Монголын ипотекийн корпораци, Монголын Барилгын үндэсний ассоциаци хамтран хийсэн орон сууцны зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгаагаар нийслэлд 580 орон сууц борлуулалтгүй байна.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн танилцуулсан судалгаагаар нийслэлийн нийт 380 мянган өрхийн 56.9 хувь болох 217 мянган айл орон сууц авах хэрэгцээтэй, 12 хувь буюу 44.747 нь орон сууц түрээслэх, 6 хувь буюу 21.505 өрх амины сууц хаус худалдан авах хэрэгцээтэй байгаа дүн гарчээ. Орон сууц шаардлагатай 217 мянган өрхийн 35.497 нь буюу 16.3 хувь нь бодит худалдан авалт хийх боломжтой, үүний 93 хувь буюу 33.102 өрх ирэх 3 жилд орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа бол 71.798 өрх ипотекийн зээлд хамрах хүсэлтэй байна.
Тэгвэл нийт өрхийн 20 хувь болох 73.336 нь дэд бүтэц бүхий сууц барих, 13 хувь болох 48.353 өрхөд орон сууц шаардлагагүй, 37.372 мянга буюу 10 хувь хашаа байшин худалдан авна гэсэн судалгаа гарчээ. 
Мөн судалгаагаар иргэд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх боломжгүй, орон сууцны үнэ өндөр, өрхийн орлого зээл төлөлтөд хүрэлцдэггүй зэрэг хүндрэл бүхий шалтгаанаар орон сууц худалдан авч чадахгүй байна. Өнөөдөр барилгын зах зээл дээр 80 мянган орон сууц эзнээ хүлээж байна. Гэвч бодит байдал дээр өөр дүр зураг гарч байна. БХБЯ-наас ипотекийн зээлийн нөхцлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь, хүүг 7 хувь болгон бууруулах саналыг Засгийн газарт тавьж байгаагаа иргэдийн орон сууцны эрэлтийг нийлүүлэлттэй уялдуулах нэг арга боломж гэж үзэж буйг дэд сайд Ш.Лхамсүрэн хэлэв.
Тэрээр ипотекийн зээлийн санхүүжилтэд өнгөрсөн 5 дугаар сард 45 тэрбум төгрөг хуваарилаад байгаагийн 15.7 тэрбумыг төв банкнаас, 29.4 тэрбумыг Засгийн газраас санхүүжүүлсэн эх үүсвэрүүдийг дурдаад энэхүү зээлийг үргэлжлүүлснээр жилд 10 мянган айлыг хамруулах боломж байгааг дуулгав. Он гарснаас хойш нэгдүгээр улирлын байдлаар 48.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад хуваарилж, 706 иргэн хамарчээ. Монголбанкнаас 2017, 2018 онд орон сууцны хөтөлбөрийг өөрийн өмчлөл дэх ипотекийн зээлийн багцын эргэн төлөлтийн орлогоор, Засгийн газар 2017, 2018 оны улсын төсөвт тусгасан эх үүсвэрээр тус тус санхүүжүүлж байгаагийн хүрээнд 2017 онд нийт 5.585 зээлдэгчийн 353.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгосон. Үүнд:
  • Монголбанкнаас 3925 зээлдэгчийн 242.6 тэрбум төгрөг,
  • Засгийн газраас 1660 зээлдэгчийн 110.9 тэрбум төгрөг,
2018 оны тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 5.585 зээлдэгчийн 353.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгосон. Үүнд:
  • Монголбанкнаас 939 зээлдэгчийн 63.9 тэрбум төгрөг,
  • Засгийн газраас 424 зээлдэгчийн 29.4 тэрбум төгрөг.
 
Тодруулга: Нийслэл Улаанбаатар хотод 1991 оноос хойш 182 гаруй мянган орон сууц ашиглалтад орж хотын орон сууцны фонд 240 гаруй мянга болсон ч гэр хорооллын айл өрхийн тоо 380 мянгад хүрч 251 хувиар өсчээ. Өнөөдөр орон сууцны нийлүүлэлт жилд 16 мянгаар хаяа тэлж буй гэр хорооллын эрэлтийг гүйцэж чадахгүй байна.
 
Б.Болд
 
Холбоотой мэдээ