Говь-Алтайн есөн гайхамшиг-Хасагт хайрхан уул, Хүнхэр зуслан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 09:00:58

Говь-Алтай аймагт байгаль эхийн өвөрмөц бүрдэл, түүх соёлын үнэт ховор дурсгалууд, ихэс дээдсийн улбаа нүүдэлчин ахуй соёл, ёс заншил нь бидний үнэт өв, Цаст богд Сутай хайрхан уул, Хасагт хайрхан, Бурхан буудай, Ээж хайрхан уул,  үзэсгэлэнт Эрээн нуур, дэлхийд ганцхан бөхөнгийн байршил нутаг Шаргын говь, мазаалай, хавтгай, тахийн  өлгий нутаг Говийн их дархан цаазат газар, байгалийн бүс бүслүүрүүдийг нэгэн зэрэг цогцлоосон Монгол Алтайн их уулс Хантайшир, Хар азаргын нуруу зэрэг байгаль, түүх соёл, өв уламжлалын давтагдашгүй онцлогтой газар нутгууд олон бий.

Тус аймаг нь эртний хүмүүсийн оршин сууж байсан буур бууц, багаж зэвсэг төдийгүй Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн болон дундад шинэ үеийн түүхийг багтаасан ховор нандин дурсгал бүхий түүх соёлын өлгий нутаг юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн байгалийн үзэсгэлэнт газар, нэн ховор амьтан, хүний гараар бүтээсэн гайхамшиг, музейн хосгүй үзмэрүүдийг “Говь-Алтай аймгийн есөн гайхамшиг”-аар баталсан юм. Эдгээр 9 гайхамшигийг танилцуулж байна. 

                                         Хасагт хайрхан уул, Хүнхэр зуслан 

Хасагт Хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Баян-Уул, Тайшир сумдын нутагт Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ. Энэ уул нь буга, аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтдын өлгий нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг хамгаалах зорилгоор 1965 онд онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархан газар болгожээ. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Талбайн хэмжээ нь 27448 га. Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой 2 зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойтохыг Хасагт Хайрханы нуруу, өмнөхийг Гурван Богдын нуруу гэнэ.  Эдгээр нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан ан амьтан, араатан жигүүртэн шивээлсэн гоо үзэсгэлэнт баян тансаг нутаг билээ. Хаcагт Хайрханы шохойн чулуу, гантиган уулсад том жижиг агуй хонгил цөөнгүй бий. Монгол Алтайн нурууны салбар уулсын ойтой хэсэг бөгөөд энд хангай, хээр тал, говь гурван бүсийн ургамал, амьтан хослон оршино. Хасагт Хайрхан уул нь амьтны аймгаар баян. Энэ ууланд Монгол Алтайд тархсан улаан номонд орсон буга, суусар, аргаль, янгир, хойлог, ирвэс, ёл зэрэг ховор амьтад нутаглана. Мөн ой, хад асгаар шилүүс, цагаан үен, жирх, тагуудад цагаан ахууна элбэг байдаг. Ийм ч учраас дархлан хамгаалж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд буга, янгирын тоо өсөж байна. Хүнхэр: Байгалийн үзэсгэлэнт  “Хүнхэр зуслан” амралт-аялал жуулчлалын цогцолбор нь “Говь-Алтайн Швейцарь” хэмээх алдаршсан дархан цаазат “Хасагт хайрхан” уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Хүнхэрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог. Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200-гаад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Амралтын орчин нь  хангайн бүсийн шинжийг агуулсан Алтайн сүрлэг уулс, бэлдээ хээрийн бүс, алсдаа говь цөлийн бүсийг багтаасан дөрвөн бүсийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм. Шинэсэн ойтой голынхоо дагуу бургас, улиас, хар мод ургасан, тошлой, уулын зэрлэг сонгино, жимс элбэгтэй. 

Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ