Ногоочид залуу үеийнхэнтэйгээ туршлагаа хуваалцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 08:53:54

Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн багш, сурагчид “Мэргэжил бүхэн сайхан” аяны хүрээнд “Үндэстэй бүхэн дэлгэрнэ” уриан дор Хан Хэнтийн ногоочдын уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Аймгийн ҮХААГ-ын газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхзул, Хайлааст Хайрхан хоршооны захирал Ч.Эрдэнэцэцэг, Ногоон Хур ХХК-ийн захирал Г.Түмэнбаяр нар урилгаар оролцож, хүнсний ногооны талаар баримталж байгаа аймгийн бодлого, зорилт, ногоочин хүний хөдөлмөрийн онцлогийн талаар ярьж багш сурагчдын сонирхсон асуултанд хариулт өгөв.

ҮХААГ-ын мэргэжилтэн Ц.Мөнхзул “Хэнтий аймгийн хэмжээнд 170-200 га-д хүнсний ногоо тариалдөг бөгөөд төмс хүнсний ногооны өөрсдийн хэрэгцээгээ 100 хувь хангах зорилт дэвшүүлж, 1800-2000 өрх өөрийн хүнсний ногооны хэрэгцээгээ хангаж байна. Мөн Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж “Чацаргана” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 16 тн ургац хурааж авлаа. Хэнтий аймагт төмс, хүнсний ногоо тариалах 2016-2030 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан Мөрөн суманд хүнсний ногооны үрийн үйлдвэр, Хэрлэн суманд сум дундын үйлчилгээний төв, 500-1000 тн-ийн зоорь Хэрлэн, Өмнөдэлгэр суманд барих, гүн өрмийн худаг 10-ыг шинээр гаргах, 2020 оноос жимс боловсруулах цех, бордооны үйлдвэртэй болох зэрэг ажлыг хийж байна” гэв.

Мөн Хайлааст хайрхан хоршооны дарга Ч.Эрдэнэцэцэг: “Ногоочин хүний хөдөлмөр их өгөөжтэй хүн амыг хүнсээр хангадаг буянтай ажил юм. Манай хоршоо сүүлийн 3 жилд МСҮТ-ийн фермерийн ангийн сурагчдыг дадлагажууллаа. Манай хоршоо 2013 онд үйл ажиллагаагаа  эхэлж, монгол төмс хөтөлбөрийн загвар аж ахуйн нэгж болсон. 2015 онд 60 тн хүнсний ногоо хурааж авч үрээ нөөцөлсөн” гэв.

Хан хэнтийн ногоочид ТББ-н гүйцэтгэх захирал, Ногоон хур ХХК-н захирал Г.Түмэнбаяр “Би 20 гаруй жил хүнсний ногоо тариалсан. Аймагтаа 300 гаруй ногоочдыг хамруулан ТББ байгуулсан. Монгол төмс хөтөлбөр хэрэгжүүлсэн. 100 хувийн сайн чанарын Голланд сортоор төмсөө тарьдаг болсон. Манай аймаг хөрсний бүтэц сайн, цаг агаар зохистой тул айл өрх бүр хүнсний ногоо тарих боломжтой. Миний хувьд хүнсний ногооны үр хямд зарж борлуулдаг. Зөвлөгөө өгч сургалт явуулах боломжтой. Шавж энгийн аргаар устгаж шинэ техник технологи нэвтрүүлэх аргыг та нарт зааж өгөх боломжтой” гэлээ.

Энэхүү уулзалтаар аймгийнхаа ХХАА-н газар, туршлагатай мэргэжилтнүүд, ногоочидтой хамтран ажиллаж сайн мэргэжилтэй ажилчид бэлтгэх бөгөөд цаашдын  хамтын ажиллагааны үр дүнгээ хүлээж байгаагаа онцолов.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ