Өгий нуурын ус намгархаг газартай танилцах эко аялал зохиожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-24 22:18:19
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас Монгол Улсад усны салбар үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, Монгол Улс Рамсарын конвенцид нэгдэн орсны 20 жилийн ой, Байгаль хамгаалах хаврын сарын аян зэрэг үйл явдлуудыг тохиолдуулан “Өгий нуурын ус намгархаг газартай танилцангаа аялцгаая” сэдэвт эко аяллыг энэ сарын 23-нд зохион байгууллаа.
Тус аялалд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолбор 1, 2, 3, 4,-р сургууль, Спортын төрөлжсөн сургалттай ЕБС, Цэнхэр, Хотонт сумдын ЕБС, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1, 2-р 10-н жилийн дунд сургууль, Гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн “Усны элч” клубын багш сурагчид оролцжээ.

Аялагчид Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэ зуу” сүм музей, Архангай аймгийн Хашаат сумын нутагт орших “Хөшөө цайдам музей” зэргийг үзэж, Өгий нуурын орчин, түүний усны шувуудыг ажиглаж, “Өгийнуур” Мэдээлэл сургалтын төвтэй танилцсан байна. Мөн эко аялалд оролцогчид “Өгий нуур” Мэдээлэл сургалтын төвөөс зохион байгуулсан “Нүүдэлчин-2018” хог цэвэрлэгээний ажилд оролцон Өгий нуур орчмын ахуйн хог хаягдлыг цэвэрлэж, “Өгий төгөл”-д тарьсан моднуудыг услав.


“Өгий “ нуур нь Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс зүүн хойш 30 км зайд орших үзэсгэлэнт нуур бөгөөд Орхон голын сав газрын цэнгэг устай томоохон нуурын нэг юм. Өгий нуурын ус, намгархаг газар нь 2570 га талбайтай, эргийн шугамын урт нь 24,7км, хамгийн гүн хэсэгтээ 15,3м, 171 сая.м3 эзлэхүүнтэй, Хөгшин Орхон гол баруун урдаас цутгадаг. 
Өгий нуур орчимд явуулсан 2005-2006 оны судалгаагаар 266 зүйл ургамал, 20 зүйл хөхтөн, 15 зүйл загас, 83 зүйл усны шавж, 129 зүйл шувуу, 3 зүйл мөлхөгч, 2 нутагтан 1 зүйл бүртгэгдсэн байдаг. Өгий нуурыг 2006 онд орон нутгийн тусгай хамгаалалтад, 1998 онд Рамсарын конвенцид бүртгэсэн байна. Мөн 1999 онд Зүүн хойд азийн галуу нугасны овгийн шувуудыг хамгаалах сүлжээнд Монгол Улсаас Тэрхийн цагаан нуур, Өгий нуур нэгдсэн байдаг.

Энэхүү эко аяллыг “Дэлхийн Зөн” ОУБ-ын Архангай -1 ОНХХ, Өвөрхангай аймгийн “Хархорин ус суваг” ХХК, “Эрдэнэ зуу” сүм музей, Хашаат сумын нутагт орших “Хөшөө Цайдам” музей зэрэг байгууллагууд дэмжин ажиллажээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ