Хэнтий аймагт тариалалт 30 гаруй хувьтай явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-05-24 13:29:19
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хувьд тариалалт 30 гаруй хувьтай явагдаж байна. Газар тариалангийн аж ахуйн нэгжүүд тариалалтын бэлтгэл ажлаа бүрэн хангаж, ХХААХҮЯ-аас олгосон түлш шатахуун, үр, бордооны дэмжлэгт хамрагджээ.

Энэ онд 40 гаруй аж ахуйн нэгж тариалалт хийнэ. Тус аймаг 24 мянган га-д тариалалт хийхээс одоогийн байдлаар 7500 га-д буюу улаан буудай 7000 га, рапс 400 га, төмс, хүнсний ногоо 100 га-д тариалаад байна.

Сүүлийн 3 жил дараалан ургац алдсаны улмаас аймгийн хэмжээнд үрийн нөөц дутагдалтай байсан тул үрийн урьдчилгаа нөхцлийг бууруулах талаар ХХААХҮЯ-нд хүсэлт тавьсны дагуу яамнаас 10 хувийн урьдчилгаатай нөхцөлтэйгээр үр олгожээ.
 
Засгийн газраас Монгол Улсын газар тариалангийн бүс нутгаар долоон аймгийн 60 сумыг саяхан зарласны дотор Хэнтий аймгийн Хэрлэн, Жаргалтхаан, Мөрөн, Өмнөдэлгэр, Баян-Адрага, Норовлин, Дадал, Батноров, Биндэр гэсэн есөн сум багтжээ.

Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийхдээ “Ирэх жил газар тариалангийн салбар үүссэний 60 жилийн ой болно. Өөрөөр хэлбэл шинэ жаран эхэлж байна. Нэг жаран өнгөрч байгаа учраас тариаланчиддаа зориулж түүхэн шийдвэр гаргалаа. Монгол Улс газар тариалангийн бүс нутагтаа зориулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх болно” гэж дурдсан билээ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ