Аргентины Ерөнхийлөгч асанд 4.5 жил хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-02 14:12:18

БУЭНОС-АЙРЕС./TASS/. Аргентины  Ерөнхийлөгч асан Карлос Менемд /1989-1999/ улсын хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр 4.5 жил хорих ял оноох шийдвэрийг тус улсын шүүх энэ сарын 1-нд гаргасан байна.

Үүнээс гадна, Аргентины Эдийн засгийн сайд асан Доминго Кавальод 3.5 жил хорих ял оноожээ. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу тэдний төрийн алба хаших эрхийг нь бүх насаар нь хассан байна.

Менем, Кавальо нар өөрсдийнхөө болон бусад албан тушаалтнуудын цалинд төсвийн мөнгөнөөс хууль бус замаар нэмэгдэл олгож байсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогджээ.

Менемд оноосон ял нь учир утгагүй бөгөөд давж заалдана гэж түүний өмгөөлөгч мэдэгдсэн байна.

Аргентины Ерөнхийлөгч асан хууль бус зэвсгийн наймаанд оролцсон хэргээр 2013 оны зургадугаар сард 7 жил хоригдох ял авч байжээ. Гэвч тэрбээр Ла-Риоха мужаас сенатын гишүүнээр сонгогдож, парламентын гишүүний халдашгүй эрхтэй байсан учир ялаас мултарч чадсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ