Туркийн агаарын хамгаалалтыг НАТО бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-02 13:12:10

БРЮССЕЛЬ. /Anadolu/. Туркийн батлан хамгаалахын чадавхыг сайжруулах зорилгоор тус улс руу НАТО-гийн холбоотнууд агаарын техник болон хөлөг онгоцнууд илгээх хүсэлтэй байна гэж тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв.

Адана хот дахь Инжирлик агаарын цэргийн бааз руу Их Британи агаарын техникээ илгээх бол Герман болон Дани Газар дундын тэнгис дэх НАТО-гийн хүчин рүү хөлөг онгоцнууд илгээх ажээ. Харин Испани Туркийн өмнөд нутаг руу “Patriot” пуужингийн системийн батерейнууд илгээнэ.

Туркийн агаарын хамгаалалтыг НАТО олон жилийн турш бэхжүүлж байгаа хэдий ч энэ сарын 24-нд тус улсын агаарын хилийг зөрчсөн Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний дараа НАТО дэмжлэгээ улам бүр эрчимжүүлж байна.

Туркийн агаарын хамгаалалтыг сайжруулах ажиллагаа бид энэ хэрэг гарахаас өмнө хэрэгжүүлж байсан бөгөөд энэ хэрэгтэй огт хамааралгүй гэж Столтенберг Брюссельд болсон НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр мэдэгдэв.

Одоо бид хурцадмал байдлыг хэрхэн намжаах тухайд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Цаашид ийм зүйл гарахаас зайлсхийх механизмуудыг сайжруулж, бэхжүүлэх тухай хэлэлцэх хэрэгтэй гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ