Монгол Улсын шилдэг харваачдаас туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-19 19:27:04
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Үндэсний сурын холбооны урилгаар 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын мэргэн Баярсайхан, Монгол Улсын гоц харваач Ж.Тулга, спортын мастер Б.Үнэнбат, Б.Бат-Эрдэнэ, н.Ариунбат нар сургалт явууллаа. Сургалтын гол зорилго нь өнөө цагийн шилдэг харваачдаас туршлага судлаж, шинэ залуу харваачдаа чадавхжуулах, мөн үндэсний сур харваа сонирхогчдыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Сүхбаатар аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүлэгчид өнгөрсөн гуравдугаар сард хуралдаж, холбооны тэргүүнээр залуу харваач Э.Сансартайван сонгогдсон бөгөөд тэрээр ажлаа авснаасаа хойш анхныхаа сургалтыг зохион байгуулж байгаа аж.

“Аймагт тогтмол бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцдог аймгийн мэргэн С.Байгалмаа, Л.Одсайхан, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй 20-оод харваач бий. Сүүлийн жилүүдэд үндэсний сур харваач сонирхох, түүгээр хичээллэх хүмүүсийн тоо ихсэж, нас залуужиж байгаа. Шинээр суралцаж буй харваачдаа чадавхжуулах нь бидний энэ удаагийн сургалтын гол зорилго. Мөн бусад харваачид маань ч өөрийн мэдлэгээ давхар дээшлүүлж байна. Сургалтанд харваач, сонирхогч гээд 40-өөд хүн хамрагдаад байна. Энэ жилийн хувьд аймгийн баяр наадам, Алтан-Овооны их тахилга, Зүүн бүсийн чуулга харваа, Хэнтий аймагт ирэх сард болох улсын аварга шалгаруулах тэмцээн гээд манай харваачдыг олон тэмцээн хүлээж байгаа. Энэ бүхэнд бид тамирчдаа бэлтгэж оролцуулна. Тэгэхээр эдгээр тэмцээн уралдааны өмнө бид улсынхаа шилдэг харваачдын туршлагаас судалж байгаадаа баяртай байна.” гэж Үндэсний сурын холбооны тэргүүн Э.Сансартайван хэлэв.

Сүхбаатар аймгийн хоёр суманд үндэсний сурын холбоо байгуулагдсан. Эрдэнэцагаан сумын “Егүзэрийн мэргэн” сурын холбоо өнгөрсөн онд Монгол Улсын шилдэг холбоогоор шалгарсан байна. Тиймээс аймгийн үндэсний сурын холбооноос бусад бүх сумдад холбоо байгуулах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөж байгаа гэнэ.  
Т.Одончимэг
Холбоотой мэдээ