ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид мэдлэг, чадвараа дээшлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-17 21:32:25
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хамтын манлайлал, нийгмийн бүтцийн зураглал, шийдвэр гаргагчид нөлөөлөх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба төлөөлөл, иргэдийн оролцооны шинэ хууль тогтоомжийг хэрэглэн манлайллаа бэхжүүлэх боломж сэдвээр Баянхонгор аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид мэдлэг, чадвараа дээшлүүллээ.
"Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт тус сургалт Шаргалжуут рашаан сувилалд болж, аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар оролцсон байна. УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улс дахь төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслөөс Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран тус сургалтыг зохион байгуулжээ.
Чадавхжуулах сургалтыг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий Зохицуулагч, Хуульч, Жендэрийн Үндэсний Хорооны гишүүн, Жендэрийн Үндэсний шинжээч Д.Энхжаргал, Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын тэргүүн Б.Золзаяа, Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын төлөөлөл А.Анударь, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний хөтөлбөрийн мэргэжилтэн н.Должинсүрэн нар удирдан явуулсан байна.
Төслийн зорилго нь аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, Тэргүүлэгчдийг чадавхжуулах, ИТХ-ын байгууллага өргөн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэжээ.
Орон нутгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг сайжруулан, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба нийгмийн оролцоог хангах зорилтын хүрээнд цаашид ч сургалтууд өрнөх аж.
                                                                                                                 Б.Мөнхзул
Холбоотой мэдээ