"Монгол бичгийн" Зоригоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-05-14 10:22:33
Дорнод /МОНЦАМЭ/. Сая ойрмогхон шүү дээ. Үндэсний бичиг үсгийн баяраар Зоригоо маань үзмэн ягаан дээлэн дээр шар бажгар ороож, шляпан малгай тавьчихсан эгээ л их Нацагдорж шиг том “амьтан”  төв номын сангийн өмнө зогсож харагдсан.
Амьдралаа тэр чигт нь монгол бичигт зориулж яваа энэ эгэл хүн жил жилийн энэ л баярыг тэсэн ядан хүлээдэг. Түүний хувьд уржнангийн цаад жилийн энэ өдөр бүр ч онцлогтой болж өнгөрсөн нь санаанд бууж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас болон Монгол Улсдаа үндэсний бичгээр хэвлэгддэг цорын ганц хэвлэл болох “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа гээд Зоригоогийн хамтран зүтгэгч, хамгийн ойрын хүмүүс Дорнодод буусан юм даг. “Хүмүүн бичиг”-ийн эрхлэгч Б.Элбэгзаяа баярын нээлт дээр хэлсэн үгэндээ “Энэ нутгаас жанжин Сүхбаатарын номын багш Жамъян гүн, “Оюун билгийн соёрхол” хэмээх хэл зүйн ном бичсэн “хэцүү” То ван, Төрийн 3 удаагийн шагналт, Академич Цэндийн Дамдинсүрэн, он цагаар нь жаахан наашлуулаад хэлбэл нэрт дуун хөрвүүлэгч Готовын Аким, ахмад багш Цэрэндаш, энэ цагийн Дорнод нутгийн монгол бичгийн зүтгэлтнүүдийн түүчээ болж яваа Жадамбаагийн Зоригтбаатар багш гэхчлэн олон сайхан бичиг соёлын зүтгэлтнүүд төрөн гарсан гайхалтай ард түмэн бол та бүхэн юм аа” гэж онцлосон. Магадгүй Зоригоод маань урьд хожид хэзээ ч, хэнээс ч сонсч байгаагүй том үнэлгээ энэ байсан байж ч мэдэх. 
Зоригоогийн монгол бичгийн төлөө хийсэн бүтээсэн, хичээл зүтгэлийг  аймаг орноос үнэлсэн нь юу байдгийг бүү мэд.  Юутай ч Монгол Улсын Ерөнхийлөгчид “тоогдож” түүний гарын үсэгтэй батламжийг тэр гардсан удаатай.
Аль ерэн найман оноос хойш “Хүмүүн бичиг” сонинтой холбогдож, энэ сонины төлөө хэдэн гутлын ул элээснийг хэн ч мэдэхгүй. Нэг удаа сонины захиалгын асуудлаар гавьяат багш Бадарчтай тулж, энэ тухайгаа Галдан эрхлэгчдээ дуулгачихсан нь “Гавьяат уу, гайт нь уу” материал сонинд нийтлэгдэж,  бөөн асуудал ундраасан гэж байгаа. Зоригоо хүүхэд байхдаа түвд бичиг сурч, хожмоо монгол бичгийг  бас л бие даан оролдож өөрийн болгосон гэдэг. Жил бүрийн “Сайхан бичиг”-ийн  уралдаанд шавь нараа “сойж” Сүхбаатар аймгийн Чулуунбор багштай урд, хойноо орсоор иржээ. “Хүмүүн бичиг” сониныг хэн сайн мэдэх вэ? Улсын уралдааны тэргүүн байр, тус сонины 1000 дахь дугаарын уралдааны гутгаар байрыг эзэлж, “Хүмүүн бичиг” сонины 15 жилийн ойгоор “Босоо монгол бичиг мину” номоо монгол бичгээр хэвлүүлсэн гээд түүний намтрыг  монгол бичгээс салангид ойлгохын аргагүй.
Харин цалин пүнлүүг нь аваад монгол бичгийн багшаар ажилласан нь тун богинохон хугацаа юм билээ. Аймгийн төвийн нэгэн сургуульд багшилж байхад нь гэнэтхэн нэг өдөр захирал нь ажлаас халчихсан гэдэг.  Хорхойд хоргүй мөр чигээрээ энэ “амьтан” ажил тасалж, архи дарс уугаагүй нь  лавтай. Сонсгол тааруу гэдгээр шалтагласан юм уу даа, чааваас. Энэ сургуульд ажиллаж байхдаа монгол бичгийн уралдаанд шавь нараа бэлтгэж, улсын хэмжээнд хамгийн олноороо оролцсон хамт олон гэдэг шалгуурт тэнцэж байсан гэдэг. Өнөөдөр Зоригоо группын хэдхэн төгрөгийн орлоготой ч “сохор зоос”  хэнээс ч гуйлгүй оюунаа хандивлаад түүнээсээ амьдралын эрч хүч, баяр баясгаланг эдэлж явна аа.
Бага ахуйд аав нь түүнийг  хийдэд шавилан суулгах гэж хэрдээ л ятгасан ч бичгийн хүн болно гэж зөрүүдэлсэн нь буруудаагүй. Дунд сургуулийн сурагч байхдаа аймгийн “Дөл” сонинд мэдээ сэлтхэн бичиж эхэлснээр эргэлт буцалтгүй номын мөр хөөсөн.
”Би чинь эр цэргийн албыг хоёр жил хаасан хүн” гэж  ярихдаа дуу нь чангараад ирэх .Гаднаасаа тэр ханхар эр харагдахгүй ч дотроо бол гэгээн цагаан амьтан. Хүүхэд шуухад, ахмад настан ер хэн л бол хэнтэй ижий ахай болж явдаг цагаахан сэтгэлтэй эр хүн.
Манай редакциар байнга орж гарч явах Зоригоо маань “саяхан би сэтгүүл зүйн бүтээлээ эмхэтгэж суухдаа өөрөөрөө ёстой бахархлаа. Өнгөрөгч он жилүүдэд төв, орон нутгийн сонин хэвлэлд бичиж нийтлүүлсэн маань бүр талийж өгсөн байна шүү” гээд хамраа мушийлган инээж суусан. Шагнал хавтгайрч “нүдээ” олохоо больсон нь энэ нийгмийн нэг эмгэнэл юм даа. Өөрийн салбараар жишээлэхэд, сэтгүүл зүйн салбарт нэр, мөргүй нэг нөхөр бүтээлд олгодог, хамгийн эрхэмд тооцогддог “Ган үзэгтэн” шагналыг  “худалдаж” авч энгэртээ зүүчихээд хээв явах. Эзнээ олдогсон бол гуйж биш гуядаж авах хүн бол Зоригоо юм.
Түүнд нэг сайхан чанар бий. Бусдын хийж бүтээснийг хараад сэтгэл нь цэлмэг, хөнгөн баяртай явдаг эгэл нэгэн дээ.
Жадамбаагийн Зоригтбаатар гэж бие шавилхан ч бичиг үсгийн тал дээр хүдэр баргил, хүүхэд шиг хиргүй тунгалаг түүний тухай хөрөглөхөд ийм буй.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ