Адгаж бус арга билгээр цогцлоох ухаан монголчуудынх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-05-14 10:21:34
Зураг эх сурвалж:https://blog.pipedrive.com/2016/07/productive-sales-meeting/

Дорноговь /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөн нийгмийн хөгжлийн явцад соёлын олон янзын хэлбэрийг бүтээсэн байдаг. Нэг хүнийг оройдоо залсан хаант засаглал, нийгмийн бүх хүрээнд хяналт тогтоох зорилготой тотолитар, хэсэг хүмүүсийн захиран дарангуйлах авторитар, хамтаараа шийдвэрлэх ардчилсан гээд хөгжил дэвшилд нөлөөгөө үзүүлсэн томоохон нийгмийн үр дүнд хүний оюун ухаан, уламжлал,  шашин, соёл, нийгмийн зан суртахуун хувьсан өөрчлөгдөж иржээ.
Үүнээс шалтгаалж тухайн нийгэм дэх гэр бүл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа, нийгэмд гүйцэтгэх үүрэг мөн л өөрчлөгдсөн байдаг. Жендэр нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн ялгаа биш. Хүйс нь эрэгтэй, эмэгтэй хүний төрөлхийн шинжүүд буюу биологийн ялгаа, цаг хугацааны явцад өөрчлөгдөхгүй төдийгүй өөр өөр соёлд ч ямар ч ялгаагүй, эдийн засгийн, нийгмийн хүчин зүйлс  бүрт нөлөөлдөггүй зүйл. Харин жендэр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст нийгмээс хүлээлгэсэн үүрэг, үнэлэмжийн ялгаа хийгээд цаг хугацаанаас шалтгаалан өөрчлөгдөх ойлголт гэдгийг судлаачид томёолсон.
Хүнийг төрөхөөс нь эхлээд л эрэгтэй нь ийм, эмэгтэй нь тийм байх ёстой гэсэн хоёр өөр хэвэнд оруулчихдаг нь эргээд нийгэмд ялгаварлан гадуурхах үзэл төрүүлэх, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хөдөлмөр, үнэлэмжийг ялгавартай тогтоох нөхцөл бүрддэг аж. Энэ талаар ”VTV” телевизийн “Syndicate talk” нэвтрүүлгийн 2018 оны 3 дугаар сарын жендэрийн асуудал хөндсөн дугаарт оролцогчдын төлөөлөл тодорхой ярьсан юм.
Жишээ нь манай улсад эрчүүдийг галын эзэн, эрх мэдлийн эзэн, улс орноо аваад явах хүчирхэг дүрээр, эмэгтэйг гэрийн чимэг, сайн эзэгтэйн дүрээр ярьж хэвшсэн. Эрэгтэй хүнийг хүндэтгэл, эмэгтэй хүнийг хайр халамж хүсдэг байдлаар хүүхэд байхаас нь сургасан.
Жишээ нь сүүлийн долоон удаагийн Монголын парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо 1992 онд гурав, 1996 онд найм, 2000 онд ес, 2004 онд тав, 2008 онд гурав, 2012 онд 11, 2016 онд 13 байгааг харуулна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15 хувиас, дүүрэгт 20 хувиас, суманд 25 хувиас, хороонд 30 хувиас доошгүй байх” гэж заасан.
Хүний эрхийн Үндэсний комиссын 2017 оны тайланд Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн 16 сайдын хоёр нь эмэгтэй, аймаг нийслэлийн 22 Засаг  даргын 100 хувь нь эрэгтэй, яамны  13 Төрийн нарийн бичгийн дарга нарын 1 нь эмэгтэй, Засгийн газрын 27 агентлагийн  дарга нар мөн л 100 хувь эрэгтэй, аймгийн ЗДТГ-ын дарга, хэлтэс, албадын дарга нарын 34.3 хувь нь эмэгтэй, нийслэлийн ЗДТГ-ын дарга, хэлтэс,албадын дарга нарын 80 хувь нь эрэгтэй байгаа нь хуулийн квот хангаагүй байгааг дурджээ. Монголд нийтлэл, нэвтрүүлгийн нийт эх сурвалжийн 21 хувь нь  эмэгтэйчүүд, төр засгийн өндөр албан тушаалтнуудын 11 хувийг эмэгтэйчүүд, гэрийн ажилтай ба ээжийн үүргээр дурдагдсан хүмүүсийн 73 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.

Дорноговь жендэрийн мэдрэмжтэй аймаг болно




Тэгвэл Улаанбаатараас зүүн урагш 460 км довтолгоод хүрчихдэг хилийн бүс Дорноговь аймгийн жендэрийн нөхцөл байдал ямар байгааг үзье. Нийт  68 мянга орчим хүн амтай, улсын бараа эргэлтийн 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Замын-Үүдийн томоохон боомттой, уул уурхайн томоохон орд газруудтай тус аймагт   төмөр зам,  авто зам, барилга орон сууц, интернет гээд Улаанбаатараас дутахгүй дэд бүтэц бий.
2010 оны орон сууцны тооллогоос хойш хүн ам жилд дунджаар 2.5 хувиар өсч байгаа нь  уул уурхай дагасан ажлын байр, жижиг бизнес сэргэж буйтай  холбоотой гэж үздэг. Дорноговь аймгийн Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банкны  “Салбар орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн Жендэрийн зөвлөх багийн дэмжлэгтэйгээр Дорноговь аймгийн жендэрийн нөхцөл байдал, институцийн дүн шинжилгээ судалгааг 2017 онд хийсэн.
Дээрх судалгаанаас зарим зүйлийг иш татья. Боловсролын салбарт ажиллагсдын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд, дотуур байрны хүүхдүүдийн ихэнх нь эмэгтэй, төрийн алба хаагчдын 60.2 хувь нь эрэгтэй,39.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж эрэгтэйчүүд улс төрийн болон тусгай албанд давамгайлж, эмэгтэйчүүд үйлчилгээний болон гүйцэтгэх албан тушаалд илүү ажиллаж байгааг онцолжээ. Нийт малчдын 44.7 хувь нь эрэгтэй, 55.3 хувь нь эмэгтэй.
Сүүлийн үед малчин залуу гэр бүлүүдэд зургаан настай хүүхдээ сургахтай холбоотой гэр бүлийн бэрхшээл үүсэх нь түгээмэл болж эмэгтэйчүүд хүүхдээ сургуульд сургахаар суурин газарт сууж, эрчүүд малаа ганцаар маллах болсон нь гэр бүлийн дулаан уур амьсгал алдагдах нөхцөл бүрдсэнийг судалгаанд дурджээ. Мөн зургаан настнуудыг сумын төвд хамаатныдаа суулгах, эсвэл сумын төвд жижиг гэр барьж хүүхдүүдээрээ харуулдаг нь хичээл номыг давтуулах,заах асуудал орхигддог аж.
2017 оны байдлаар аймгийн ИТХ-ын 31 төлөөлөгчийн 27 нь эрэгтэй буюу 87.0 хувь, дөрвөн эмэгтэй буюу 13.0 хувийг эзэлж байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2012 онд есөн хүүхэд хохирч байсан бол 2013 онд 14, 2014 онд 16, 2015 онд 24 болж өсчээ.Дорноговь аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв байдаггүй улмаас хүмүүс ихэвчлэн шүүх, цагдаагийн байгууллагад ханддаг.
Дээрх судалгааны үр дүнгээс шалтгаалж аймгийн ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын хуралдаанаар Дорноговь аймаг дахь жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг баталсан юм. Энэ тухай Дорноговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэнд, нийгмийн бодлого, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Отгончимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

М.Отгончимэг: Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийхэд байгууллагын удирдлага  маш сайн мэдлэгтэй, мэдрэмжтэй байх шаардлагатай боллоо


-Дорноговь аймгийн жендэрийн нөхцөл байдал, институцийн дүн шинжилгээ судалгаа 2017 онд гарлаа. Судалгааны дүнгийн талаар та юуг онцолж хэлэх вэ?

-Нийгмийн салбар эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарт ихээхэн мэдрэгдэж байгаа. Хүн амын тоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа ижил тэнцүү мэт байвч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй бус байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс, амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоог үзэхэд эмэгтэйчүүд их. Учир нь эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эмчид үзүүлж эрүүл мэнддээ анхаардаг,  өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг, эмчилгээгээ авч чаддаг, хоол ундаа тохируулан хэрэглэдэг бол эрэгтэйчүүд үзлэгт хамрагдах нь бага, хоол ундаа зохицуулж чаддаггүй, хорт зуршлын хэрэглээ өндөр байдаг нь  амьдралын буруу хэвшилтэй холбоотой гэж үзэж байгаа.
Дорноговь аймагт эрчүүд эмэгтэйчүүдийн дундаж наслалтыг үзэхэд 10-аад насаар зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл эрчүүд дунджаар 65 орчим насалж байхад эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 70-аас дээш байх жишээтэй. “Эр хүн байна мал маллаад ч болох нь ээ хоолоо олоод идчихнэ, аль эсвэл  охиноо л нэг боловсролтой болгох минь гэдэг тогтсон хандлага, үзэл одоо ч бий.

-Жендэрийн мэдрэмжтэй эрх тэгш байдлыг бий болгохын тулд юуг анхаарах ёстой вэ?

-Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх талаар байгууллагын удирдлагууд өөрсдөө мэдлэгтэй, ойлголттой, мэдрэмжтэй байх шаардлагатай боллоо. Доод ажилтнууд хэчнээн яриад ч удирдлагууд ойлгохгүй бол хэрэгжихэд бэрх.Гүйцэтгэх ажилтнууд хэчнээн төлөвлөсөн ч жендэрийн мэдрэмжтэй санхүү төлөвлөлт байхгүй бол төлөвлөсөн хэмжээгээрээ зарцуулж чадахгүй. Бүх салбарууд хоорондоо уялдаатай ажиллахыг шаардаж байна.
Боловсрол, гэр бүл төлөвлөлт, нийгэм хамгаалал, халамж үйлчилгээний асуудлууд гээд. Хүүхдэд төлөвшил гэдэг зүйлийг багаас нь ойлгуулах ёстой санагддаг. Их дээд сургуулиудын нийгмийн хичээлд жендэрийн тухай тодорхой мэдлэгийг эзэмшүүлэх, аймгийн ерөнхий боловсролын сургуулийн  ахлах ангийн сурагчдад сонгоноор дөрвөн цаг орох асуудлыг ярьж байна. Мөн эрэгтэйчүүдийн эмчийг бэлтгэх, эрэгтэйчүүдийн кабинетийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт, дараа нь Замын-Үүдийн эмнэлэгт байгуулах зэрэг тодорхой ажил хийхээр дэд хөтөлбөрт тусгасан. Дорноговь аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Төмөртогоотой уулзлаа.

Д.Төмөртогоо: Жендэрийн асуудлыг шийдвэрлэхэд урт хугацааны төрийн тогтвортой бодлого чухал

-Зах зээлийн нийгэм эхлэх үеэс бизнест эрчүүд давуу байдалтай орсон. Өрхийн тэргүүний хувьд ажил амьдралаа авч явах, хүч чадал ихтэй гэдэг утгаараа ачааны хүндийг үүрсэн байх аа. Гэвч цаг хугацааны явцад хувийн хэвшлийн салбарт дийлэнх хувь нь эмэгтэйчүүд буй болсон. Захирлуудын 50 хувиас илүү нь эмэгтэй, ажиллагсдын дийлэнх нь эмэгтэйчүүд байна.
Удирдах ажил хийж буй эмэгтэйчүүдийн боловсрол илүү өндөр. Магадгүй эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хариуцлагатай, чих зөөлөнтэй гэдэг байх. Үүнээс харахад эрх мэдэл эмэгтэйчүүдэд мөн адил  бий.  Жендэрийн асуудлаар судалгаа хийгээд явж байхад эрчүүдийн эрх ашгийг хамгаалах ажил хаягдсан байна гэж үзсэн. Тиймээс жендэрийн эрх  тэгш  байдлыг хангах аймгийн хөтөлбөрт эрчүүдийн кабинет байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг оруулсан.Эрчүүдийн ихэнх нь боловсрол мэдлэг тааруу, бас өвчинд өртөх нь их байна. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урт хугацааны төрийн тогтвортой бодлого чухал юм.
 
“Манлайлагч иргэд” ТББ-ын тэргүүн, МАХН-ын Дорноговь аймгийн Намын хорооны дарга Ш. Алтансүхээс зарим зүйлийг тодруулав.

Ш.Алтансүх: Жендэрийн талаар хүчтэй дуугарах боломж Дорноговь аймагт бий боллоо


-“Манлайлагч иргэд” ТББ орон нутагт амжилттай ажиллаж байсныг мэднэ. Танай байгууллагад бүсгүйчүүд голлон ажилладаг байх аа?

-Одоогоос таван жилийн өмнө өөрсдийн хүсэл зорилгоор бүх намын эмэгтэйчүүдийн төлөөлөл Дорноговь аймагт “Манлайлагч иргэд” ТББ-ыг байгуулж нийгэмд өөрчлөлт авчрахаар ажилласан.
Бид төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэний нийгмийн байгууллагыг төлөвшүүлж, хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, эвлэлдэн нэгдэх чиглэлээр чамгүй ажлыг амжуулсан.
Жендэрийн талаар Дорноговь аймагт анх дуугарч Германд очиж туршлага судалж байсан. Гэтэл эмэгтэйчүүд маань сонгууль болохоор бүгдээрээ өөрсдийн харьяалах намдаа ажиллаад намынхаа эрчүүдийн эрхэнд орчихдог. Намдаа ажиллаж болно оо, бүгдээрээ эв нэгдэлтэй байж бие биенээ дэмжиж хүчтэй байх нь чухал шүү гэхэд л өмнө нь ярьж байсан хүсэл зорилго, эрч хүч, эв санаа нь унтарчихдаг.
Жишээ нь сонгуульд оролцоход хэн нэгэн чадалтай эрэгтэй хүнийг дагаж албан тушаалд хүрнэ гэж бодох нь илүү бөгөөд нийгмийн манлайлагч байж, бусдыг уриалан дуудаж нийгмийг өөрчлөх байр суурь, зорилгоосоо ухарчихдаг. Сонгуулиар маш эрч хүчтэй явсан хүмүүс нэр дэвшиж чадахгүй болохоор зөвхөн дэмжигч болчихдог. Намын нөхөд нь хэрэв нам л ялбал ажилтай болно гээд ойлгуулчихдаг.
Эмэгтэй хүн чадварлаг  байгаад нийгэмд танигдаж, аливаа албан тушаал хашиж эхлэхэд олны дунд “Энэ нөхөр хэн нэгний дэмжлэгээр гарч ирлээ” гэх сөрөг хандлага нийгэмд бий болгож  урам зориг, хүсэл тэмүүллийг нь унтраадаг. Ингээд л намынхаа бодлого тодорхойлох хэмжээнд оролцож чаддаггүй. Улс төрийн тоглоом  тэдэнд үргэлж хаалттай байдаг. Улс төрийн тоглоомыг гол төлөв дандаа эрчүүд тоглодог гэж хэлж болно.

-Дорноговь аймаг  жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөртэй болсон. Жендэрийн судалгааны багт танай байгууллагын төлөөлөл орж ажилласан  шүү дээ?

Тийм ээ. Жендэрийн талаар хамгийн хүчтэй дуугарах боломж Дорноговь аймагт яг энэ цаг үед тохиож байна. Хэрэв одоо өөрчлөхгүй  бол дахин ийм боломж гарахгүй ч байж магад.  Дорноговиос сонгогдсон эмэгтэй УИХ-ын гишүүнтэй, аймгийн орлогч дарга нь эмэгтэй, газар, хэлтсийн даргын албан тушаалд олон эмэгтэй хүн ажиллаж буй. Бас жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөртэй боллоо.
Гэлээ ч Дорноговьд жендэрийн тухай хүчтэй дуугарч чадахгүй л байна. Надад мэдрэгдэхгүй байна. Төрийн өндөрлөгт эрчүүд олонхоороо очихоор ямар байдгийг бид УИХ, орон нутгийн түвшинд хангалттай харлаа. Дандаа  хоорондоо толхилцоод л эвлэрч өгөхгүй байгааг бид харж л байна Гэтэл тэдний дунд эмэгтэйчүүд байвал яах вэ гээд бодъё.Болж өгвөл  эвдэрснийг эвлүүлэхийг бодно доо. Аймгийн ИТХ-ын өмнөх  хуралд хоёрхон эмэгтэй төлөөлөгч байсан.
Гэтэл ар талд эмэгтэйчүүдийн асуудал, гэр бүл салалт, нийгмийн тухай асуудал хаягдаж л байсан. Өнөөдөр 31 суудалтай Дорноговь аймгийн ИТХ-д дөнгөж хоёроос гурван эмэгтэй байна. Эмэгтэйчүүд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж адилхан ажиллаж хөдөлмөрлөх, нийгмийн харилцаанд адил оролцож шударга байхыг л хүсдэг.


Хэвшмэл ойлголтоо таягдан хаяцгаая




Жендэрийн эрх тэгш байдал нь тухайн хүний биологийн хүйс ямар байхаас үл хамаарч хүний ёсоор, дутагдаж, гачигдах зүйлгүй, айдас түгшүүргүй амьдрах тухай хүний эрхийн өргөн хүрээний ойлголт юм. Манай улсад эрчүүдийг гэрийн эзэн эрх мэдэлтэй, улс орноо аваад явах хүчирхэг дүрээр, эмэгтэйг гэрийн чимэг, сайн эзэгтэйн дүрээр тануилдаг нь аль нэг хүйсийг илт дөвийлгөсөн өнгө аястай байгааг дээр өгүүлсэн.
Тэр бүү хэл “Охиноо л эрдэм боловсролтой болгоё, эр хүн яахав болно, хүүхнүүдийн асуудал маньд ямар хамаа байна”  гэх зэргээр ярьж хэвшсэн ойлголтоосоо салахыг нийгэм судлаачид онцолсон. Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд телевиз, сонины нийтлэл нэвтрүүлэг, кино, контент, зар суралчилгаанд ч энэ тодорхой харагддаг.
Телевиз бол хүнийг хүмүүжүүлдэг хэрэгсэл. Хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан кино, нэвтрүүлэг үүнд  оролцож буй алдар цуутай жүжигчин, дуучин, улс төрч, нийгмийн зүтгэлтний ярьсан хэлснийг үзэж сонсож үлгэр дуурайл авдаг.Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  нийтлэл нэвтрүүлэгтээ мэдрэмжтэй хандаж эрчүүдийг илт өргөж товойлгох, эсвэл амжилттай яваа эмэгтэйг мушгих, буруугаар илэрхийлэх зэрэг нийтийн хэвшмэл ойлголтыг эфиртээ аль болох тусгахгүй байх, өөрсдөө үлгэр жишээ байдлаар ажиллах цаг иржээ.
Ядахдаа гэртээ хүүхдээ харж байгаа эр хүнийг  адлаж элдвээр муу хэлэхээ больё. Нөхөр нь хүүхдээ харж эхнэр  нь ажлаа хийх хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг ойлгох ёстой. Дорноговь аймгийн жендэрийн нөхцөл байдал, институцийн дүн шинжилгээ судалгааны гэр бүлийн хэсгийн  залуу гэр бүлүүдтэй хийсэн фокус ярилцлагад “Орчин үеийн гэр бүл нь уламжлалт гэр бүлийн хандлагаас арай өөр болсон. Эхнэр нөхөр хоёр амьдралын ачааг ижил тэнцүү үүрэх хандлагтай болсон” гэжээ.
Тэд аливаа шийдвэрийг хамтдаа гаргаж бие биедээ туслан үнэлгээгүй гэгддэг гэр орны болон үр хүүхдээ асрах ажлыг боломжоороо хуваан хийх болжээ.Харин залуу гэр бүлүүдийн хувьд гэрийн доторх хөдөлмөрийн хуваариас илүүтэй дараах асуудлууд тулгамдсан байна. Сургууль төгссөний дараа ажил эрхлэх, түүнийг гэр бүлийн зүгээс дэмжих явдал, гэр бүлийн талаарх ойлголт хангалтгүй байгаатай холбоотой залуу эмэгтэйчүүд хүүхдээ ганцаараа өсгөх, залуучуудын ажил эрхлэлтийн хүрээнд ялангуяа нөхөн үржихүйн насны залуу эмэгтэйчүүдийг ажилд авахад хүйсийн ялгаварлан гадуурхах хандлагыг өөрчлөх, гэр бүл төлөвлөлтийн боловсрол олгох үйл ажиллагаа эрчимжүүлэх сайжруулах шаардлагатай болсныг онцолсон байна.
Монголчууд аливаа асуудлыг арга билгийн ухаанаар шийдэж ирсэн уламжлалтай. Аавыгаа, ээжийгээ, хүү охиноо адилхан л хүндэлж хайрлаж тэднийг  магтан дуулсан дуунуудыг Монголчууд олноор зохиосон. Их эзэн Чингис хаан олон овог аймгийг хурааж, хүчирхэг төрт улсыг цогцлоон улсынхаа эзэн суух үедээ Өэлүн эхийн зэмлэлийг сонсоод “Эхийн хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив.” гэж хэлсэн байдаг.
Арга билгээр амьдрал бүтдэг. Эмэгтэй хүний эрхлэх хөдөлмөр хүнд байсан боловч монголд тэр хэмжээгээр эмэгтэй хүн санхүүгийн эрх чөлөөтэй бусдын хүндэтгэл, хайр халамж, эрх чөлөөг мэдэрч байсан нь монгол гэр бүлээс шууд мэдрэгддэг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангасан орнуудын туршлагаас бид хэрэгтэйгээ авах нь зөв байх.Скандиновын орнууд Финланд, Дани, Швед зэрэг оронд хүүхдээ өсгөх нь Засгийн газартаа, эдийн засагтаа оруулж буй том хөрөнгө оруулалт гэж үзэж аавуудад долоо хоног биш зургаан сарын цалинтай амралт олгодог байна.
Солонгос Улс жендэрийн асуудлаар Азийн орнууддаа тэргүүлдэг гэх. Жендэрийн мэдрэмжтэй компани, аж ахуй нэгжүүд, жендэрийн мэдрэмжтэй хотыг тодруулж өргөмжилсөн аж. Мөн эмэгтэйчүүдийн хөгжлийн төвүүдийг бүх мужуудад байгуулсан гэх. Монгол хийгээд Солонгос, Европын орнуудын хөгжлийн түвшин харилцан адилгүй. Гэр бүлийн хүрээнд гүйцэтгэж байгаа  хөдөлмөрийн хуваарилалт орон орны уламжлалт соёл, амьдралын хэв маягаас шалтгаалж ялгаатай. Гадны орнууд Монголоос суралцах ч юм бий, бид гаднаас суралцах юм бий.


Төгсгөлд өгүүлэх нь




Зураг эх сурвалж: https://www.npr.org/2015/01/29/382162271/and-so-we-meet-again-why-the-workday-is-so-filled-with-meetings

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө жендэрийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог  нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ зорилт нь дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт батлагдсантай уялдсан хэрэг аж. Дэлхий дахин 2030 он хүртэл хэрхэн яаж хөгжих вэ гэдэг хөгжлийн  баримт бичгээ баталсан.
Мэдээж үүнд Монгол Улс дэлхийн чиг хандлага болон өөрийн орныхоо өвөрмөц онцлог хэрэгцээнд нийцсэн бодлого шийдвэр  хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар жендэрийн эрх тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийг 2017 оны дөрөвдүгээр сард батлуулсан. Энэ нь эмэгтэй эрэгтэй хүмүүс гэр бүлийн харилцаанд, улс төрийн харилцаанд эрх тэгш оролцож, нийгмийн баялгаас тэгш хүртэх, боломжийг бий болгох төрийн бодлого гэж албаныхан тодорхойлж байна.
Ингэснээр эрэгтэй эмэгтэй хүмүүс төрөхөөсөө ялгаатай төрдөг ялгаатай байдалд тохирсон бодлого шийдвэрийг төрөөс зориудаар гаргаж бодлого боловсруулж хэрэгжүүлснээр нийгэмдээ эрх тэгш зэрэгцэн сайн сайхан амьдрах боломж гэж хардаг. Хөтөлбөрийг 2021 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд жендэрийн Үндэсний хорооноос 2021 он гэхэд бүх аймаг, дүүрэг жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөртэй болгох зорилт тавьсан.
Төслийн хүрээнд дөрвөн салбарын бодлого болон хоёр аймгийн дэд хөтөлбөр тухайлбал барилга хот байгуулалт, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хөдөлмөр нийгмийн хамгааллын, боловсрол соёл, шинжлэх ухааны салбарын жендэрийн бодлого болон Сэлэнгэ, Дорноговь гэсэн зорилтод хоёр аймгийн жендэрийн бодлогыг орон нутагтай хамтран боловсруулж батлуулсан.
Зөвхөн дэд хөтөлбөр боловсруулаад батлах төдийгүй төрийн албаны жендэрийн манлайлал бий болгох, төрийн алба хаагчдын жендэрийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх томоохон зорилтыг тавьсан. Эдүгээ Дорноговь аймаг жендэрийн асуудлаар цаасан дээр хараар бичсэн бодлого хөтөлбөр, үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй боллоо. Хэрэгжүүлэх ажлаас товч дурдвал 2019 онд  эрчүүдийн эрүүл мэндэд чиглэсэн кабинеттэй болох, бүх насны эрэгтэй эмэгтэйчүүд, малчдад орон нутгийн ах зээлд өрсөлдөх чадвартай, мэргэжлийн боловсрол олгох, төр иргэний нийгэм, хувийн хэвшил, түүний дотор уул уурхайн салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, хамтын ажиллагаа хөгжүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Дэд хөтөлбөрийг аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, Засгийн газрын 2017-2021 онд хэрэгжүүлэх Жендэрийн эрх тэгш  байлыг хангах Үндэсний хөтөлбөр,  хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулж 2022 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Юун түрүүнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэл байх учиртай. Бүх зүйлийг төсөв санхүү, бусад сөрөг хүчин зүйлтэй холбож  асуудалд хандах гэхээсээ илүү хүсэл тэмүүлэл, санаачилга гаргаж  байгаа боломжоо ашиглаж, төр болон төрийн  бус байгууллагуудтай нээлттэй хамтарч ажиллаж чадвал Дорноговь аймаг улс орон даяар жендэрийн  эрх тэгш байдлыг хангасан анхны “Жишиг”  аймаг болж хөгжих боломжтой юм.
Жендэрийн асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Эрэгтэй эмэгтэй хүмүүс нь гэр бүлийн дотор ба соѐл, нийгэм, эдийн засгийн болон улс төрийн хувьд ижил тэгш эрхтэй байна” гэж заасан байдаг.
Тэгвэл Эрүүгийн хууль, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай Монгол улсын хууль, Улс төрийн намуудын тухай хууль гээд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа олон хууль тогтоомжид  энэ талаар тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомж хангалттай бүрджээ. Одоо зөвхөн хэрэгжүүлж үр дүнг нь үзэх  л чухал болой.Адгаж бус арга билгээр цогцлоох ухаан монголчуудынх билээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ