5000 орчим мод, бут тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-13 13:10:52
Ховд/МОНЦАМЭ/ Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигаар жил бүрийн 5,10-р саруудын хоёр  дахь 7 хоногийн Бямба гарагийг Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр болгон зарласан байдаг.
Бүх нийтээр мод тарих ажилд урьдчилсан дүнгээр Ховд аймгийн 1800 гаруй иргэн оролцож 5000 орчим мод тарьсан байна. Ховд хотын төвд Шинэ дулааны станц орчмын засмал зам дагуу албан байгууллагууд мод тарьсан бол  Байгаль орчин аялал жуулчлалын газар байгууллагууд хотын төв доторх хашаа, хайс, саад дотор  мор, зүлэг тарьж байна.
Мод тарих ажил энэ сардаа үргэлжлэн хийгдэх бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сангийн санаачилгаар төсөл хөтөлбөрийн байгууллагууд хамтран Бичигтийн хөтлийн зам дагуу 10000 мод тарихаар ажлаа эхэллээ.
Энэ жилийн бүх нийтээр мод тархи ажлын хамгийн том бүтээн байгуулалт болох аймгийн угтах хаалгыг амьд мод тарьж "10000 мод-Олон ястны угтах хаалга" төслийн хүрээнд хийгдэж байгаа мод тарих ажил олон хүний анхаарлын төвд байсан юм.
Үүнд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хар ус нуурын тусгай хамгаалалттай газрын захираа, Хар нуур Ховд голын сав газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Сум дундын ойн анги зэрэг байгаль хамгаалах салбарын байгуулагууд оролцож 600- 700 мод тарьсан урьдчилсан дүн гарч байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын үүсгэн байгуулсан "Сандаг" сангаас  2500 орчим гоёлын модыг  Хүүхдийн паркт тарьж суулгав. 
Энэ ажилд Ховд аймгийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-р ангийг 1982-1992 онд төгссөн төгсөгчид буюу "Алтайн барс" клубын гишүүд, мөн Улс төрийн боловсролын академийн төгсөгчид, энэ хичээлийн жилд 12-р ангиа төгсөж буй Прогресс сургуулийн болон Лаборатори 1-р сургуулийн сурагчид оролцлоо.
Энэ жилийн мод тарих өдөр байгаль цаг агаарын хувьд шороон шуургатай таагүй өдөр байсан хэдий ч байгууллага, иргэд мод тарих ажилд санаачлагатай оролцлоо. Харин жил бүр мод тарьж, тарьсан модны тоо гол үзүүлэлт болгох бус, тарьсан модоо арчилж, тордон ургалтын үр дүнг тооцох цаг болсон гэдэгт олон хүн шүүмжлэлтэй хандаж байв.
Жил бүр олон дарга, удирдах албан тушаалтан тарьж буй модны дэргэд зургаа авахуулдаг уламжлал энэ жил ч давтагдав.
Дээр мэдээлсэн 5000 модны хэд нь ургасан талаар үр дүнг олон нийтэд  сурталчилж, ургаагүй бол эргэж хариуцлага тооцох, ургуулж арчилсан бол урамшуулдаг байхыг Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хот тохижилт, Сум дундын ойн анги зэрэг байгуулагууд тооцоо судалгаатай байх хэрэгтэй гэдгийг ч ахмадууд , төрийн бус байгууллагын хүмүүс анхаарууллаа.

                                                                                                                                           А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ