Вьетнам, БНХАУ-ын Батлан хамгаалахын төлөөлөгчид уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-01 13:33:52

ХАНОЙ. /VNA/. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон БНХАУ-ын туршлага болон мэргэжлийн ур чадварыг Вьетнам болон Хятадын батлан хамгаалах салбарын албан хаагчид өчигдөр Вьетнамын нийслэл Ханой хотод хэлэлцсэн байна.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаатай холбоотой Вьетнам болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын гэрээнүүдийг хэрэгжүүлэхэд уг хэлэлцээний зорилго оршиж байна гэж Вьетнамын Энхийг сахиулах төвийн дарга, хурандаа Хоанг Ким Фунг, БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны Энхийг сахиулах газрын дарга, хурандаа Ли Сюхуа нар мэдэгдэв.

Вьетнамын албан хаагчдыг ойрын ирээдүйд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахын тулд тус улсын цэргийн анагаах ухаан болон инженерийн хүчнүүдийн чадавхыг сайжруулах асуудлыг талууд хэлэлцсэн байна.

Уг хэлэлцээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг бэхжүүлэх зорилготойг тэд онцолжээ.

Вьетнам 2014 оны тавдугаар сараас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд үүнээс хойш Өмнөд Судан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад энхийнг сахиулах ажиллагаанд долоон албан хаагчаа илгээсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ