Д.Трамп Ираны цөмийн хэлэлцээрийн хувь заяаг өнөөдөр шийднэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-05-08 10:36:43
ВАШИНГТОН. /Ройтерс/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргах эсэх шийдвэрээ мягмар гарагт буюу өнөөдөр зарлана гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп өчигдөр “Твиттер” хуудастаа  “Би шийдвэрээ мягмар гарагийн үдээс хойш 2:00 цагт зарлана” гэж бичсэн байна.

Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ тэргүүтэй зургаан улстай байгуулсан билээ.

Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан энэ хэлэлцээрийг дэлхий дахин “түүхэн чухал хэлэлцээр болсон” гэж үнэлдэг бол Д.Трамп “маш муу хэлэлцээр” гэж шүүмжилж, энэ хэлэлцээрээс АНУ-ыг гаргана гэж нэг бус удаа анхааруулж байсан юм.

Энэ хэлэлцээрээс АНУ-ыг гаргахгүй байхыг Европын улс орнууд Д.Трампт уриалсаар байна. Хэлэлцээрийг хэвээр авч үлдэхийн тулд хэлэлцээрт өөрчлөлт оруулан шинэчлэн байгуулах саналыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн дөрөвдүгээр сард Д.Трамптай уулзах үеэрээ дэвшүүлсэн билээ.

Харин энэ хэлэлцээрт ямар нэгэн өөрчлөлт оруулахыг Ираны тал эрс эсэргүүцэж байгаа юм.

 
Г.Доржханд

Холбоотой мэдээ