Жимс жимсгэний хэрэгцээний 0,5 хувийг орон нутагтаа хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-01 20:50:38
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг өнгөрсөн онд 20 тонн жимс жимсгэнэ боловсруулан хүн амын хэрэгцээний 0,5 хувийг хангажээ. Тус аймгийн хүн амын жилийн хэрэгцээнд 4000 шахам тонн жимс жимсгэнэ шаардлагатай аж.
Аймгийн жимс жимсгэний талбай 647 га-д хүрсэн бөгөөд үүний 98,3 хувийг чацаргана, 1,7 хувийг бусад жимс жимсгэнэ эзэлж байна.
- Аймгийн агропаркийг жимс жимсгэнэ тариалах, боловсруулах сургалтын төв болгож бэхжүүлэх зорилгоор хашааг томсгон сэргээн засварлах, усалгааны худгийг ашиглалтад оруулах зэрэгт 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөн ОХУ-ын Улаан-Үд хотын жимс үржүүлгийн станцаас 800 алим, 200 гаруй үхрийн нүд, интоор, бөөрөлзгөний суулгац авч тариалсан. Тариалсан эдгээр жимсний амьдрах чадвар сайн байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Н.Пүрэвсайхан ярилаа.
Тус аймагт өнгөрсөн онд “Чацаргана” төслийг хэрэгжүүлэн 174,2 га талбайд 727 өрхийн 898 иргэн чацаргана тариалсан юм. Энэ онд  85 га-д жимс жимсгэнэ тариалахаар бэлтгэлээ хангаад байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ