Сөүл хоттой хамтын ажиллагааны эхлэлийг тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-30 17:29:09

Ирэх онд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн нутаг дэвсгэр дэхь ногоон байгууламж өргөжихөөр болсон байна.

Өнгөрөгч долоо хоногт Дундговь аймгийн ИТХ- ын дарга С. Буджав тэргүүтэй төлөөлөл БНСУ- д ажил хэргийн айлчлал хийсэн бөгөөд ирэх онд Монголын говь нутаг, тэр дундаа Дундговь аймагт мод тарих  талаар БНСУ- ын Сөүл хотын ИТХ- ын дарга Пак Нэ Хаг Дундговь аймгийн ИТХ- ын дарга С. Буджавыг хүлээн авч уулзах үеэр хэлсэн байна.

Шар шороон шуурганаас улбаатай тоосонцор Зүүн хойд Азийн орнууд ялангуяа БНСУ- д тулгамдсан асуудал болж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тул үүнийг сааруулахад Монголын говь нутгийг ойжуулах нь чухал гэж үздэг. Тиймээс 2016 оны төсөвтөө энэ ажилд зориулан тодорхой хэмжээний хөрөнгө тусгах болно гэдгийг ноён Пак Нэ Хаг дурьджээ.

Айлчлалын бүрэлдэхүүн мөн Мандалговь хоттой хамтын ажиллагаатай Гуяанг хотын удирдлагуудтай уулзсан байна. Гуяанг хотын хувьд арван жилийн хугацаанд 100 га газрыг 100 мянган модоор ойжуулах ажлыг Мандалговь хотод эхлүүлээд таван жил болж байгаа юм. Ирэх оноос энэ ажлыг эрчимжүүлж, жилд 16 мянган мод тарьж өргөжүүлэх, мод услалтыг илүү боловсронгуй болгож хөнгөвчлөх гэж байгааг хотын удирдлагууд дуулгажээ.

Ажил хэргийн уулзалтын бас нэг үр дүн нь боловсролын чанарыг сайжруулах зорилгоор багш, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарт шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр Инчон хотын Согү дүүрэгтэй хамтран ажиллахаар болсон байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ