“Их-өсөлт” ХХК дэлхийн стандартад нийцсэн лааг Японд экспортолж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-30 13:17:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Их-өсөлт” ХХК "Аригун" брэндийн лаа үйлдвэрлэж буй бөгөөд Япон Улс руу бүтээгдэхүүнээ экспортолж эхэлжээ. 

 “Их-өсөлт” ХХК-ийн захирал Х.Ихбаяр ярихдаа, "Зах зээлд төрөл бүрийн өнгө, үнэр, орцтой олон төрлийн лаа худалдаалах болсон. Лааны тосыг гарган авч буй материал нь органик бус химийн гаралтай байх тусмаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд тогтоосон байдаг. Амьтны гаралтай, нефтийн параффин зэрэг тосоор үйлдвэрлэсэн, химийн элдэв орц найрлагатай өнгө будагч бодис нэмсэн лаанаас дэлхий нийтээрээ татгалзаж буй учир манай компани судалгаа шинжилгээ, туршилтын үр дүнд 100 хувийн  экологийн цэвэр бүтээгдэхүүн болох "АРИГУН" брэндийн лааг үйлдвэрлээд багагүй хугацааг үдлээ. "Аригун” брэндийн лааг Япон улсын итгэмжлэгдсэн олон улсын лабораторид шинжлүүлж  хүний биед сөрөг нөлөөгүй эко бүтээгдэхүүн болох нь батлагдсан. Энэхүү өндөр шалгуурыг давснаар “Аригун” брэндийн лааг Япон руу  экспортлоод байна. Түүнчлэн АНУ, БНХАУ, БНСУ-д болсон үзэсгэлэн худалдаанд “Аригун” брэндээ сурталчилж, цаашид экспортын сувгуудаа нэмэхэд  анхааран ажиллаж байна. Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ цэвэр шар буурцагны тосыг сонгон авдаг. Монголд  шар буурцаг хараахан тариалаагүй байгаа учир материалаа Европоос оруулж ирэн өөрийн лабораторидоо үнэр болон орц найрлагыг нь тааруулан үйлдвэрлэж байна.




Хамгийн гол нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй химийн нэмэлт бодис ороогүй дээрээс нь олон талын ач тустай анхилам үнэртэй зэрэг давуу талтай. Хэрэглэгчдээс монголчууд маань дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна гэсэн олон сайхан урмын үгийг сонсдог. Цаашид Монголынхоо хөрсөнд тарьсан  шар буурцагны тосоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. "Аригун"  брэндийн лааны анхилуун үнэр нь тайвшруулах, тав тухыг бий болгоход тусалж, стресс ядаргаа тайлна. Мөн сэтгэн бодох чадварыг сайжруулж, зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулдаг. Өөрөөр хэлбэл хүний үнэрлэх мэдрэмжээр дамжин тархинд шууд мэдээлэл хүрснээр дээрх нөлөөллийг бий болгож буй юм. Мөн хоолны эвгүй үнэр, агаарын бохирдол , утаа, тамхины үнэрийг маш сайн дардаг. Манай лааны төрөл  бүр нь өөр, өөрийн өвөрмөц  үнэртэй. Хүсэлт жимс, Ягаан жүрж”  /Passion fruit, Pink grapefruit/,”Лавандар цэцгийн нандин нууц” /Lavender fields/, “Усны сараана цэцэг”  /Water Lily, “Розмарин, Далай давс”/ Rose mary, Sea salt/, ”Лийр жимсний цэцэг”  /Dewy Рear blossom/ зэрэг үнэрт лааг худалдаанд гаргаад байна. Цаашид үнэр болон савлагаа төрлүүдээ нэмнэ.  Саяхан бид савлагаандаа 10 ширхэгтэй, хуш модны үнэртэй /tealight/ лаа үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүллээ" гэв.
 
 Б.Заяа

Холбоотой мэдээ