“Нийгмийн ухааны нэгдмэл хичээл”-үүдийн анхдугаар олимпиадын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-26 11:14:06
Архангай /МОНЦАМЭ/.  “Нийгмийн ухааны нэгдмэл хичээл”-үүдийн анхдугаар олимпиадыг Архангай аймагт зохион байгууллаа. Олимпиад нь зөвхөн Эрдэнэбулган, Цэнхэр, Төвшрүүлэх сумдын сурагчдын дунд болсон бөгөөд есөн сургуулийн 800 гаруй сурагч оролцов. Энэ удаагийн олимпиадын шалгалтын тестийг программаар уншуулж дүнг шуурхай гаргаснаараа онцлог байлаа.

Мөн 60 хүүхдийн шалгалтын тестийг таван минутад уншиж, дүнг дэлгэц дээр хүүхдүүдэд шууд харагдуулахаар гаргаж байгаа нь багш нарын цаг хөдөлмөрийг хөнгөвчилж, дүн гарахад хөндлөнгийн нөлөө байхгүй, ил тод болж байгаагаараа давуу байсан. Түүнчлэн 30 гаруй төрлөөр анализ дүгнэлтүүд гаргах чадвартай программ, сканнер, принтер ашиглаж ийнхүү богино хугацаанд оимпиадын шилдгүүдийг шалгаруулсан юм.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгийн санаачлагаар зохион байгуулсан уг олимпиадын дүн гарахад Эрдэнэбулган сумын лабратори нэгдүгээр сургууль нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар шагнуулсан бол удаах байруудад 3, 2-р сургуулиуд оров.

“Нийгмийн ухааны нэгдмэл хичээл”-үүдийн анхдугаар олимпиадад нас насны ангилалд эхний 10 байрыг шалгаруулан шагнал гардуулсан нь сурагчдад урам өгч байгааг багш нар нь хэлж байв.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ