Түүхч Д.Дашжамцын бүтээлүүдээр илтгэл хэлэлцүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-30 13:21:01

ШУА-ийн Философийн хүрээлэнгээс ХХ зууны эхэн үеийн монголын түүх, нийгэм-улс төр, ёс зүйн сэтгэлгээний түүхийг дагнан судалсан нэрт түүхч, философич эрдэмтэн Д.Дашжамц агсны мэндэлсний 85 жилийн ойд зориулан “Монголчуудын ардчилсан үзэл санааны уламжлал ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Хуралд ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр,  “Д.Дашжамц нь 1963 оноос ШУА-тай хувь заяагаа холбож Түүхийн хүрээлэнд ажиллаж байгаад 1972 онд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн байгуулахад  захирлын үүрэг гүйцэтгэгч, улмаар эрдэмтэн нарийн бичгийн дарга, секторын эрхлэгч, орлогч захирлаар олон жил үр бүтээлтэй ажилласан билээ.  Тэрбээр доктор Л.Бат-Очирын хамт “Д.Сүхбаатарын намтар”-ыг судлан бичсэн нь 1965 оноос Монгол Улсад дөрвөн удаа хэвлэгдэж, орос, болгар, испани, япон, англи хэлээр орчуулагдан гарчээ. Мөн үед “БНМАУ-ын түүх”-ийн нэгэн ботийн зохиогчийн хувьд орос, монгол хэлээр хэвлүүлэхэд оролцжээ. Түүнчлэн “БНМАУ-ын түүх”-ийн гурван ботийн гуравдугаар ботийг туурвихад идэвхийлэн оролцож, 1932-1940 оны үеийг судлан бичжээ. Доктор Д.Дашжамц нь 20-40-өөд оны түүхийг судлан боловсруулж, хойч үедээ үлгэр болохуйц бүтээлүүдийг туурвисан нэрт түүхч юм. Тэрээр “Монголын философийн түүх”, “Монголын ёс зүйн сэтгэлгээний түүх”-ийг бичсэн нь шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, хойч үеийн судлаачдад үлгэр дууриал болсоор байна” хэмээн онцлов.

Тус хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, Улаанбаатар Их сургууль, МУИС, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэд Д.Дашжамцын монголын түүх, философи, ёс зүй, намтар судлал, боловсрол судлалын чиглэлээр туурвисан бүтээлд дүн шинжилгээ хийсэн илтгэлүүдийг хэлэлцүүлэв.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ