“Гарагийн аялал” явган алхалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 20:25:54

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын алба хаагчид тус аймаг даяар өрнөж байгаа бямба гарагийн явган аялалд нэгдэв.

Тус аймагт ажилладаг спорт, явган аяллын “Уран байгаль” клубээс байнгын суугаа ажлын байр бүхий алба хаагчдыг амралтын өдрөөр хоёр цаг явган алхалт хийхийг уриалж долоо хоног бүрийн бямба гарагт “Гарагийн алхалт” хийж заншжээ. Энэ удаа уг аянд нэгдсэн аймгийн ЗДТГ-ын алба хаагчид “Морин хуур” цогцолбороос уулын алхалтыг эхлүүлэв.

Алхалтад оролцсон аймгийн Засаг дарга А.Энхболд болон аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Д.Батжаргал нар тус клубын гишүүн боллоо. Анх 1983 онд тус аймгийн Силикат, Цагаан тоосгоны үйлдвэрийн дэргэд спорт, явган аяллын “Уран байгаль” баг байгуулагдсан түүхтэй. Улмаар 2000 онд “Уран байгаль” клуб болон өргөжиж аймгийн аварга шалгаруулах “Уртын аялал”, “Явган алхалт”, “Гарагийн аялал” зэргийг тогтмол явуулж спорт явган аяллыг аймаг орон нутагтаа түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн гэж аймгийн Биеийн тамир, Спортын газрын мэргэжилтнүүд үнэллээ.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ