Ижил нэртэй, ихэр үрстэй Хэнтийн гурван бүсгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-19 22:11:10
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ хорвоо ертөнц дээр ижил юмс дэндүү олон. Гэхдээ нэр нь ижил, ихэр заяа нь хүртэл ижил хүмүүстэй та хэр олон таарч байсан бэ?
Хэнтий нутгийн Оюунтуяа нэртэнгүүдийн төлөөлөл болсон гурван сайхан бүсгүй гурвуулаа Оюунтуяа нэртэй, гурвуулаа төрийн байгууллагад ажилладаг гээд тэднийг адилтгах зүйлс цөөнгүй. Хамгийн сонирхолтой нь гэвэл тэд гурвуулаа чацуу шахуу ихэр хүүхдүүд төрүүлсэн азтай эмэгтэйчүүд юм. Хүн бүрт тохиохгүй ховор нандин хувь тавилангийн эзэд болсон ижил нэртэй, ихэр үрсийн заяатай ээжүүд маань хэрхэн өхөөрдөм ихрүүдийн ээж болсон түүхээ хуваалцлаа.  


 
Гурван настай ихрүүд болох О.Эрхэс, О.Энэрэл нар ээж Ж.Оюунтуяа:
 
Ихрүүдээ алган дээрээ тавиад л усанд оруулчихдаг байж билээ
 
 -Миний хувьд Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 419 дүгээр Нээлттэй хорих ангид Нийгмийн ажилтнаар ажилладаг. Энэ албандаа долоо дахь жилдээ ажиллаж байна. Манайх гурван хүүхэдтэй. Бага хоёр маань ихэр. Ихрүүдийг маань О.Эрхэс, О.Энэрэл гэдэг. Хүү охин хоёр юм. Анх охиноо төрүүлснээс хойш 14 жилийн дараа ихрүүдээ төрүүлсэн. Ихрүүдийн нэрийг эгч нь өгсөн юм. 2014 онд ихрүүдээ төрүүлж, эхний жил нэлээд ачаалалтай ээж байсан шүү. Хүүхдүүдээ 3 сартай болгоод ажилдаа орж байлаа. Аав, ээж маань, эгч нь хүүхдүүдээ өсгөхөд минь маш сайн тусалж ирсэн. Миний төрсөн дүү мөн ихэр хүүхэдтэй. Тийм болохоор өөрийн хүүхдүүдээ дүүгийнхээ туршлагаар өсгөсөн дөө. Хүүхдүүд маань нэг кг 600 гр жинтэй төрсөн, тэр үед алган дээрээ тавиад л усанд оруулчихдаг байж билээ. Одоо бол үрс маань гурван нас хүрч, ээжийнхээ өвөрт багтахгүй том болцгоосон байна. Эх хүн болгонд заяахгүй ховор тавилан надад оногдсонд баяртай явдаг.    
 

Хоёр настай настай ихрүүд болох Ц.Сайнжаргал, Ц.Сайханжаргал нар ээж П.Оюунтуяа:
 
Манайх ихрийн удамтай болохоор энэ ховор хувь заяа надад оногдсон болов уу

-Би Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгад  дуучнаар 17 дахь жилдээ ажиллаж байна. Манайх гурван хүү, нэг охинтой. Ихрүүд маань манай гурав, дөрөв дэх хүүхдүүд болж мэндэлсэн. Хүү, охин хоёр юм. Өнгөрсөн зургаадугаар сарын нэгний өдөр Алдарт эхийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялааж, эх хүний хувьд бахархалтай сайхан үйл явдал болсон. 2014, 2015 онууд манай гэр бүлийн хувьд билэгшээлтэй сайхан он жилүүд болж өнгөрсөн. Миний бие 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаагийн нэрэмжит Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанаас  нэрэмжит шагналыг нь хүртсэн юм. Харин хань Д.Цогт-Эрдэнэ маань Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит улсын уралдаанд оролцож, нэрэмжит шагналыг нь хүртэж, гэрийн маань хойморт хүндтэй шагналууд хосоороо ихэрлэн залагдсанд ихэд билэгшээж байсан. Гэтэл дараа жил нь буюу 2015 оны 12 дугаар сарын 27-нд ихэр хүү, охин заяаж, гэр бүлд минь баяр жаргал дахин хосоороо ирсэн болохоор Ц.Сайнжаргал, Ц.Сайханжаргал гэсэн нэрийг хайрласан. Миний ээж ихэр хүүхэд төрүүлсэн, ах маань ихэр хүүхэдтэй гээд манайх ихрийн удамтай болохоор энэ ховор хувь заяа надад оногдсон болов уу гэж баярлаж явдаг. Миний хүү Ц.Сайнжаргал надтай их адилхан. Харин охин Ц.Сайханжаргал маань аавтайгаа адилхан төдийгүй бүжиглэх дуртай, урлагт элэгтэй хүүхэд шиг санагддаг. Ээж хүний хувьд удмын заяа түшиж, ургийн хэлхээг батжуулсан дөрвөн хүүхдээрээ энэ биеэ чимж явдаг даа.



Хоёр настай ихрүүд болох А.Гоомарал, А.Гуамарал нар ээж Д.Оюунтуяа:

Ихрүүдийг маань аав, ээжийгээ нэг нэгээр нь дууриагаад төрчихсөн гэдэг
 
-Би Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтнээр 14 дэх жилдээ ажиллаж байна. Ихэр охид маань бидний гурав дөрөв дэх хүүхдүүд юм. 2015 онд охидоо өлгийдөн авч байлаа. Хоёр охиндоо А.Гоомарал, А.Гуамарал гэдэг нэр хайрласан нь учиртай. Монголын түүхэнд хүмүүний үүсэл гарлыг Бөртэ чоно, Гуа маралаас үүдэлтэй гэсэн билэгдлээр өгсөн юм. Охидыг маань найз нөхөд, төрөл садан маань  аав, ээжийгээ нэг нэгээр нь дууриагаад төрчихсөн байна гэдэг. А.Гуамарал охиныг маань ээжтэйгээ царай зүс, зан аашаараа төстэй гэдэг юм. Зөрүүд, эрх, бас их шартай. Харин А.Гоомарал охин маань аавыгаа дууриасан тайван, дөлгөөхөн, бусдын эвийг олсон их биеэ даасан зан чанартай. Миний хувьд дороо эрэгтэй, эмэгтэй ихэр дүүтэй. Багаасаа л тэр хоёрыгоо харахаар өөрийгөө ихэр төрчихгүй гэж их боддог сон. Амьдрал зохиож, хань ижилтэй болсон хойноо ч заавал ихэр хүүхэд төрүүлнэ дээ гэж битүүхэн мөрөөддөг байлаа. Хоёр охин минь миний тууштай хүсэл, мөрөөдөл, сэтгэлийн биелэл болж ирсэн болохоор бодол биеллээ олдог гэдэгт 100 хувь итгэдэг. Анх охидоо олчихоод эход харуулахад ихэр гэдгийг нь эмч хэлээгүй. Харин хоёр дахь удаагаа харуултал танайх өнөр болжээ гэж хэлэхэд нь баярлаад бараг л орон дээрээс нь үсрэх дөхөж билээ. Тэгж л анх ихэр хүүхэдтэй болсноо мэдэж, баярлаж хөөрч, ханьтайгаа хүйсийг нь охин байгаасай гэж мөрөөдөж ирсэн. Ингээд л 2015 оны гуравдугаар сарын 26-ны өдөр бидний хүсэл мөрөөдлийн бэлэг болж хоёр ихэр охин минь мэндэлж, хорвоогийн хамгийн жаргалтай аав ээж, өнөр бүлийн эзэд болсон доо.
 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ