Б.Жигжиднямаа: Монголын коридор Транс–Сибирийн тээврийн коридорын гол тэтгэгч шугам

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-04-19 10:56:56
Москва /МОНЦАМЭ/. Транзит тээвэрийн үйлчилгээгээ олон улсад сурталчлан танилцуулдаг “Транзит Монгол -2018” форум TransRussia Олон улсын тээвэр, логистикийн үйлчилгээ технологийн XXIII үзэсгэлэнгийн хүрээнд Москва хотноо амжилттай боллоо.
Тус форумын нээлтэд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, МТЗ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл, Хятадын олон улсын тээвэр зуучлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Лин Бейжан, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич зэрэг албаны хүмүүс үг хэлэв.
Түүнчлэн ЗТХЯ-ны Сайд Ж.Бат-Эрдэнэ “Транзит Монгол- 2018” форумын нээлтэд амжилт хүсч, мэндчилгээ илгээснийг тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур уншиж танилцуулав.
Монголын төмөр зам, УБТЗ, Зам тээврийн хөгжлийн яам хамтран 2017 оноос “Транзит Монгол” цуврал форум зохион байгуулж байгаа билээ. Гол зорилго нь  Ази Европыг холбосон тээврийн системд Монгол Улс  хямд, чанартай транзит тээврийн үйлчилгээ үзүүлэх боломжоо танилцуулахад оршиж байгаа юм.  “Транзит Монгол- 2017" анхдугаар форум өнгөрөгч оны 4 дүгээр сард Бээжин хотноо болж Монгол Улсын транзит тээврийн салбарт багагүй үр өгөөж өгснийг  УБТЗ-ын дарга Б.Жигжиднямаа энэ үеэр онцлов. 

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд хөрш орнууд  Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын  тээврийн салбарын асуудлыг эрчимтэй хэлэлцэж, томоохон төслүүд хэрэгжихээр болсон нь төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэх таатай боломж бүрдэж байна. Цаашид төмөр замын хөгжлийг “Бүс ба зам” санаачилгын хүрээнд илүү өргөтгөх боломжтой. УБТЗ 2019 онд нэг зөрлөг шинээр нээж, 16 зөрлөгт галт тэрэг хүлээн авах замын тоог нэмэгдүүлнэ. Үүний үр дүнд тээх чадварын хэмжээ 28 сая тонн-д  хүрэх тооцоо бий.
2018 онд замын их засварын ажлын хэмжээг 1,6 дахин нэмэгдүүлсэн. Цаашид ачаа эргэлт нэмэгдэхийн хэрээр төмөр замын суурь бүтцэд шинэчлэн сайжруулалтын чиглэлээр хийх шаардлагатай төсөл хөтөлбөрийг  хөршүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэх болно. Монгол улсын нутгаар дамжин өнгөрч буй Транс - Монголын коридор буюу УБТЗ нь Европ-Азийг холбосон тээврийн коридорын хамгийн өрсөлдөх чадвар бүхий Транс – Сибирийн тээврийн коридорын гол тэтгэгч шугам юм” хэмээн онцлоод  Монголын хоёр талаар явж байгаа тээврийн коридор ачаалал ихтэй, харин Монголоор дамжих коридор илүү дөт бөгөөд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэйг тэмдэглэв.
Монгол улсын төмөр замын гол шугам буюу ОХУ-ыг БНХАУ-тай холбож буй төмөр замын урт нь 1110 км бөгөөд жилдээ 22 сая тонн ачаа тээвэрлэдэг аж. Уг коридор нь Казахстан улсаар дамжин өнгөрөх коридороос 513 км, Транс Манжуурын коридороос 748 км-ээр тус тус дөт юм.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа “Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх салбарын хамтын ажиллагаа өргөжиж, Ази-Европын ачаа тээврийн дамжин өнгөрөх урсгал нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд Москва хотноо "Транзит Монгол- 2018" олон улсын форум зохион байгуулж буй нь цагаа олсон, чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.Тээврийн салбар нь манай орны хөгжлийн болон гадаад орнуудтай өрнүүлэх хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг мөн. Эдийн засгийг хөгжүүлэн, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд үр дүнтэй, аюулгүй бөгөөд найдвартай тээвэрлэлт хийх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд бид дамжин өнгөрөх тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд таатай эрх зүйн орчинг бий болгоход анхаарч байна” хэмээн онцлов.
 “Транзит Монгол”- 2018 форум хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэгт “Төмөр замын хөгжлийн бодлого, Монгол, Орос, Хятадын төмөр замын хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд ЗТХЯ, УБТЗ, МТЗ ТӨХК, Хятадын олон улсын тээвэр зуучлалын холбоо, Монгол Улсын далайн захиргааны газар, Нортерн Рейлвейс ХХК-ийн төлөөлөл илтгэл хэлэлцүүлсэн.
Монгол Улсын Далайн захиргааны дарга С.Түвшинтөр “Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийн хүрээнд Монгол Улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг 2003 онд Бүгд Найрамдах Сингапур Улсад эхлүүлсэн. Олон улсын хөлөг онгоцны бүртгэлд өссөн дүнгээр 30-аад улсын 3000 гаруй хөлөг онгоц бүртгэгдсэн бөгөөд 300 орчим хөлөг онгоц байнгын бүртгэлтэй байна. Манай улс  хэдийгээр далайд гарцгүй ч, Монголын хѳлѳг онгоцны бүртгэл нь зарим далайд гарцтай орнуудтай харьцуулахад бүртгэсэн онгоцны нийт даац болон тоогоор илүү байгаа нь ѳнгѳрсѳн хугацаанд тухайн салбартаа тодорхой хэмжээний орон зайг эзэлж чадсаны илрэл юм” хэмээв.

 БНХАУ-ын Олон Улсын тээвэр зуучлалын холбооны Нарийн бичгийн дарга Лин Бэйжан  форумын үеэр тавьсан илтгэлдээ “Нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай байх нь "Бүс ба зам" хөтөлбөрийн хамтын ажиллагааны үндсэн зарчим юм. Хятад, Монгол, Орос, Европыг холбосон коридор байгуулахын сацуу ачааны хэмжээг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг зохицуулах механизмыг бий болгоно. Мөн гурван улсын практик хэрэглээ, хамтын ажиллагааг үндэслэн зах зээлийн боломжийг судалж,  "Бүс ба Зам"-ын инженерийн загварыг бий болгох нь нэн чухал” хэмээн тэмдэглэв.
 
Форумын төгсгөлд Британийн стандартын институтээс УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвд “Чанарын удирдлагын стандарт ISO 9001:2015” гэрчилгээг гардуулсан юм. Мөн үеэр Мосгипротранс ХК болон МТЗ ТӨХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
“Транзит Монгол- 2019” форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.
Л.Нандиа
 
 

Холбоотой мэдээ