Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-16 11:34:48
БЭЭЖИН. /РИА Новости/. Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр БНХАУ-ын Коммунист намын /ХКН/-ын Төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн тэргүүн Сун Таотой уулзах үеэрээ мэдэгдсэн байна. 

Умард Солонгосын удирдагч асан Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тохиолдуулан тус улсад зохион байгуулагддаг “Дөрөвдүгээр сарын хавар” урлагийн их наадамд Хятадын уран бүтээлчдийн баг оролцож байгаатай холбоотойгоор Сун Тао өнгөрсөн баасан гарагт Умард Солонгост айлчилсан юм.

Уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч хэлэхдээ “Хоёр улс бүхий л салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж найдаж байна. Сун Тао тэргүүтэй Хятадын томоохон хэмжээний уран бүтээлчдийн баг манай улсад хүрэлцэн ирсэн нь Си Жиньпин Умард Солонгосын ард түмэнд найрсаг ханддагаа батлан харуулж байгаагийн илрэл юм” гэжээ.

Түүнчлэн Ким Жөн Ун гуравдугаар сарын сүүлчээр БНХАУ-д улсад хийсэн айлчлалаа “түүхэн” айлчлал хэмээн нэрлэсэн байна.

Харин Сун Тао “Хятад болон Умард Солонгосын харилцааг тогтвортой хөгжүүлэх, хоёр улсын ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэх хийгээд Солонгосын хойг дахь энх тайван, тогтвортой байдлыг хангахад Хятад улс хүчин чармайлт тавихад бэлэн байна” хэмээн ярьжээ.
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ