Ж.Батзандан: Монгол Улс соёлын өвийнхөө төв нь байх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-13 16:23:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас соёлын өвийн хадгалалт хамгаалалттай холбоотой асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад хүргүүлсэн асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ үеэр, “Монгол Улсаас алдагдсан үнэт өвийг гадаад улс орнуудад дуудлага худалдаагаар худалдаж байна гэж сонсогддог. Энэ тал дээр хяналт тавьж байна уу. Байгалийн түүхийн музейн барилга хэзээ ашиглалтад орох вэ” гэсэн асуудлыг тодруулсан. Ажлын хэсгийн зүгээс эл асуултад, “Манай улстай хамаатай хилийн чанадад худалдаалагдаж байгаа эд өлгийн зүйлс нь 1930-1940 онд Монгол Улсад ажиллаж амьдарч байсан хүмүүсийн цуглуулгад дахь эд зүйлс байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсын нэр дээр бүртгэлтэй байдаггүй учраас буцаан татах боломжгүй. Байгалийн түүхийн музейг Солонгосын талтай хамтарч байгуулахаар ажиллаж байна. Мөн газрын асуудлыг шийдэх шаардлагатай байна” хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Соёлын өвийг хамгаалах тухай хууль хэр чанартай хууль болсон бэ. Соёлын өвийг гэрээт хамгаалалтынхнаар хамгаалуулах ажил хийгдэж байна уу. Соёлын өвийг ухах, ялангуяа уул уурхайн компаниуд олборлолтын явцад олдсон эд зүйлсийг дэлбэлдэг гэдэг. Энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ" гэхэд ажлын хэсгийнхэн, "Соёлын өвийг хамгаалах тухай хууль зохих үр дүнгээ өгсөн. Харамсалтай нь Зөвшөөрлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай гэх зэрэг хэд хэдэн хуультай зөрчилдөж байгаа. Иймд хуулийн давхардлыг арилгуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээн дэх нийт эд өлгийн зүйлсийн 40 орчим хувь нь гэрээт харуулаар хамгаалагдсан" гэсэн тайлбар хийв.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Гадаад улс оронд ажиллаж буй Элчин сайдууд соёлын өвөө буцаан авчрах тал дээр анхаарах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, "Археологи, палентлогийн музейтэй болох нь зүйтэй" гэсэн саналтай байгаагаа хэллээ. Асуулгын төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Аливаа улс орон соёлын өвийнхөө асуудалд анхаарахгүй бол мөхдөг. Өөрийн соёлыг хангалттай хамгаалж чадаж байна уу гэдэг дээр анхаарах цаг нь иржээ. Банхонгор аймгийн музей гэхэд сургуулийн барилгад байх жишээтэй. Өнөөдөр олон үзмэр зориулалтын бус байранд хадгалагдаж байна. Бид соёлын өвдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Музейн тухай хуулийг олон улсын стандартад нийцүүлж боловсруулан батлуулах ёстой. Бид гадаад улс орнууд руу соёлын өв тээгчдээ явж байгааг харсаар сууж байх уу. Монгол Улс соёлын өвийнхөө төв нь байх ёстой. Музейн захирлууд өдгөө 300-400 мянган төгрөгийн цалинтай байхад хулгай тасрахгүй. Малын хулгайд хөөн хэлэлцэх хугацаа байхаас соёлын өвийн хулгайд хөөн хэлэлцэх хугацаа байх ёсгүй" гэлээ.

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үүгээр өндөрлөв.
Б.Туул
Холбоотой мэдээ