“Хамтарсан баг”-ийн гишүүдийн тоог нэмэх санал гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-08 23:23:42
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын Тамгын газар гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор “Хамтарсан баг-Зорилтот өрх” сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хамтарсан баг”-ийн гишүүдэд зориулж хийжээ. Сургалтын үеэр багийн гишүүдийн тоог нэмэх санал гаргав.
Багийн нэг  гишүүн 2-3 баг буюу 3000-4000 өрхөд хүрч үйлчлэх тохиолдол гарч байгаа учраас дээрх саналыг гаргажээ.  Орхон аймгийн 22 баг тус бүрт ажиллаж буй “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааны зардлыг орон нутгийн төсвөөс гаргадаг юм. Нэг баг найм хүртэлх гишүүнтэй. Баг тус бүрт ажиллаж буй “Хамтарсан баг”-ийг тухайн багийн Засаг дарга ахалж, хэсгийн байцаагч, өрхийн эмч, сургуулийн болон сумын нийгмийн ажилтан гишүүнээр нь ажиллаж байна.
Орхон аймагт гэр бүлийн хүчирхийлэл жилээс жилд буурч байгаа нь “Хамтарсан баг”-ийн ажлын үр дүн, хууль таниулах сурталчилгаа сайн хийж байгаатай холбоотой гэнэ. Цаашид гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлыг  “0” зорилттой  ч “Хамтарсан баг”-ийн гишүүдийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хүн нэмж авах шаардлага байгаа ажээ.  2016 онд Орхон аймагт гэр бүлийн хүчирхийллийн 46, 2017 онд 37, 2018 оны эхний улирлын байдлаар гурван тохиолдол бүртгэгдсэн нь жил бүр 10 хувиар буурсан дүнтэй байна.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ