Ирвэс бугуйлдан барьж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 13:49:24

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс уул бригадын малчин “Үнэн” нэгдлийн адуучин Г.Батхүү, Ч.Ишдорж нар 1968 онд “Морин зогсоол” хэмээх газраас ирвэс бугуйлдан барьжээ.

Тэр хоёр нэгэн өглөө адуундаа хамт мордож Бүс хайрхан уулын ар өөд өгсөж явтал хээлтэй, тарган нэг гүүг ирвэс барьж идэж байснаа тэр хоёрын чимээ, бараанаар явсан нь цасан дээрх мөрнөөс тодорхой байжээ. Ирвэсний барьсан гүүний мах хөрж амжаагүй байсан аж. Мөрөөр нь мөрдөж үзвэл тун холгүй нөгөө ирвэс их л тайван алхаж явна гэнэ. Хоёулаа хашхирч, гууглан давхиж гүйцэн очиход ерөөсөө тоосон юмгүй алхсаар байжээ. Уурганы үзүүрээр хатган, бугуйлаар ороолготол цээж нь хүржигнэн дуугарахаас биш харайх, дайрах шинж алга гэнэ. Тэр хоёр ярилцаад бугуйлдан авч хөтлөөд явах гэж үзвэл чирэгдээд, жаахан чанга татахаар боогоод байж. Тэр үед ирвэс барих талаар аймгаас зар тарсан байсан аж. Тэгээд ирвэсээ бугуйлтай нь тавьчихаад мань хоёр тамхилж сууж. Жаахан азнаж байтал ирвэс босоод бугуйлаа чирээд явлаа гэнэ. Тэгэхээр нь хоёулаа мордож хажуугаар нь эргүүлэх маягаар ташуураараа гөлөм дөрөөгөө цохиж даяруулан алсуураар залж туусаар гэрийнхээ гадаа авчирч, хадны ёроолд зогсоогоор нь бугуйлын үзүүрээс барьж тойрон хадтай нь нааж ороосоор хөдөлгөөнгүй болгож, төмөр утсаар амыг нь том ангайхгүйгээр ногтолж, урд хоёр хөлийг нь нь сайн тушиж авчээ. Батхүү ярихдаа амнаасаа илүү урд хоёр хөл нь аюултай юм шиг санагдсан юун түрүүн л урд хөлөөрөө базаж авах гээд байх юм билээ хэмээн ярьж байжээ. Ийнхүү тэр хоёр анх ирвэс бугуйлдан барьсан түүхтэй. Уг ирвэсийг Говийн их дархан газрын мэдэлд өгснөөр тухайн үед Халиун сумд байсан “Амьтны хүрээлэн”-д хэдэн жил болжээ. Энэ хооронд хоёр ч удаа ирвэс барьсан байна.  Ингээд уг гурван ирвэс 1976-1977 оны үед Швейцарь улсад худалдагдаж тэр улсын зоопарт очсон байна.

                                                                                           Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ