Хөдөлмөрийн баатар Б.Зангадын нэрэмжит монгол дууны наадам боллоо

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 12:58:43

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангадын нэрэмжит “Ховд- 2015” Монгол дууны анхдугаар наадам Ховд аймагт  амжилттай болж өндөрлөлөө.

Уг тэмцээнийг аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дэд дарга, “Монгол эрмэлзлэл” ТББ-ын тэргүүн Б.Очбадрах санаачлан 17 суманд зохион байгуулж, авъяастнуудыг тодруулахад ивээн тэтгэсэн байна.

Тус тэмцээний шүүгчээр МУГЖ Д.Болормаагаар ахлуулсан ХДТ-ын мэргэжлийн дуучид ажиллажээ.

Монгол дууны наадмыг Ардын богинын дуу, уртын дуу, зохиолын дуу, хоршил дуу гэсэн үндсэн дөрвөн төрлөөр шалгаруулсан аж.

Нэгдүгээр шатанд нийт 750 орчим авъяастан 11-р сарын 2-оос 11-р сарын 21 хүртэл өрсөлдсөнөөс сүүлийн шатанд 140 гаруй уран бүтээлч тэнцсэн байна. Үүнээс төрөл тус бүр дээр эхний 5 шагналт байр шалгаруулснаас шилдгийн шилдэг Гран при шагнал, өргөмжлөл, 1 сая төгрөгийг уртын дууны төрлөөр оролцсон Эрдэнэбүрэн сумын малчин А.Пүрэвсүрэн хүртжээ.

Мөн тус тэмцээнд ардын авъяастнуудаа хамгийн сайн зохион байгуулж оролцсон сумдаар Манхан, Зэрэг, Дөргөн, Булган сумууд шалгарсан байна. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ