Турк уучлалт гуйна гэж Орос хүлээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-27 09:03:30

МОСКВА. /Xinhua/. Оросын “СУ-24” бөмбөгдөгч онгоцыг унагасны хохирлын нөхөн төлбөрийг төлж, төрийн өндөр түвшинд уучлалт гуйхыг Орос Турк улсаас хүлээж буй бөгөөд эдийн засгийн хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж байна Оросын удирдагчид хэллээ.

“Туркийн улс төрийн өндөр албан тушаалтнууд биднээс уучлалт гуйгаагүй, учирсан гарз хохирлыг нөхөн төлөх санал тавьж эсвэл уг гэмт хэргийг үйлдсэн буруутныг шийтгэх амлалт өгөөгүй” гэж гадаадын шинэ Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслолын үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хэлжээ. Туркийн удирдагчид Орос, Туркийн харилцааг зориудаар мухардмал байдалд оруулсан нь “харамсалтай” гэж Путин хэлэв.

Оросын бөмбөгдөгч онгоцыг унагасан нь “түрэмгий үйлдэл” гэж Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев хэлсэн бөгөөд Туркт авч болох эдийн засгийн хориг арга хэмжээг хоёр хоногийн дотор бэлэн болгохыг Засгийн газарт даалгажээ.

Х.Аминаа

 

 

Холбоотой мэдээ