НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-03-31 12:32:25
НҮБ. /Ройтерс/. НҮБ-ын хориг арга  хэмжээний тогтоолуудыг зөрчин Умард Солонгост нууцаар нефть нийлүүлж, мөн тус улсын хөлөг онгоцуудаас нүүрс авсан гэх үндэслэлээр 27 хөлөг онгоц болон тээврийн 21 компанийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хар жагсаалтад оруулжээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Умард Солонгосын талаарх асуудал хариуцсан хороо баасан гарагт буюу өчигдөр мэдэгдэл хийхдээ “Эдгээр хөлөг онгоц болон компаниудыг үйл ажиллагаа явуулахыг хориглож, олон улсын боомт руу нэвтрэх эрхийг нь хасаж байна” гэжээ.

Нефть болон нүүрс тээвэрлэгч хөлөг онгоцууд нь Умард Солонгос, Хятад, Панам болон Сингапурт бүртгэлтэй хөлөг онгоцууд гэнэ.

Эдгээр хөлөг онгоц нь НҮБ-ын хориг арга хэмжээний тогтоолуудыг зөрчин далай тэнгист зогсоод нефть, нефтийн бүтээгдэхүүн болон бусад бараа бүтээгдэхүүнийг Умард Солонгосын далбаатай хөлөг онгоцуудад нийлүүлж байсан ажээ. Тэдгээрийг АНУ-ын Засгийн газрын өнгөрсөн сард гаргасан саналыг судлан үзсэний үндсэн дээр хар жагсаалтад оруулсан байна.

Энэ нь НҮБ-ын хувьд Пхеньяны эсрэг авсан хамгийн хатуу хориг арга хэмжээ болж байна.

Цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй нь холбогдуулан олон улс Умард Солонгосын эсрэг өргөн цар хүрээг хамарсан хориг арга хэмжээг хэдийн аваад байгаа билээ.

 АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хэйли өчигдөр мэдэгдэл хийхдээ “НҮБ-ын энэ хориг арга хэмжээ нь Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын төлөө олон улсын хамтын нийгэмлэг хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэйн тод илрэл” гэжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ