Архангай аймгийн Ихтамир суманд шүлхий өвчин гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-30 16:22:35
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгойн багийн Нарийн Өлөнт хэмээх газар П.Аззаяа, С.Доржбат нарын хотонд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул энэ сарын 29-ний өдрөөс эхлэн Ихтамир суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Ихтамир сум нь аймгийн төвөөс хойшоо 27 км зайтай байдаг ба тус суманд өчигдөр болсон сумын Онцгой комиссын хуралд аймгийн Засаг дарга оролцож тодорхой үүрэг чиглэлийг өгсөн юм. Өвчний голомтын 15 км-ийн сэжигтэй тойрогт нийт 20 өрхийн 8877 толгой мал байгаа бөгөөд эхний ээлжинд 5 км-ийн тойргийн голомтын бүсэд байгаа хоёр өрхийн 1315 малын 225 үхэрт аймгийн мал эмнэлгийн нөөцөд байгаа 500 тун вакцинаар вакцинжуулах ажлыг өнөөдрөөс зохион байгуулахаар боллоо. Улсын мал эмнэлгээс 1000 тун вакцин ирэх юм байна.

Аймгийн Засаг дарга шүлхий өвчин гарах болсон шалтгааныг яаралтай тогтоохыг аймгийн Тагнуулын газар болон Цагдаагийн газарт үүрэг болголоо.

Ихтамир сумын Онцгой комиссын хурлаар “Голомтын бүсийг тойруулж суурин хоёр пост, хөдөлгөөнт хоёр эргүүлийг ажиллуулах, өвчилсөн малыг өнөөдрөөс эхлэн устгах, Ихтамир сумын ШТС-уудын үйл ажиллагааг хязгаарлах, зам дагуух бүх цайны газрын үйл ажиллагааг зогсоох, багийн дарга нарыг малчдад мэдээллийг маш хурдан хүргэх, зөв мэдээлэл өгөх, голомтод ажиллах хүмүүст шүлхий өвчний талаарх мэдээлэл, аюулгүй ажиллагааны зааврыг өгч ажиллах, жирэмсэн эх, хүүхэд, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа эсэхийг даруй судалж гаргах, өвчний голомтын бүсд машины хөдөлгөөнийг хорих, сумын төвд ариутгал, хяналтын цэгийг байгуулах” зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллах шийдвэр гарлаа. Мөн Ихтамир сумын ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг 21 хоногоор түр зогсоож, сумын төвд ямар нэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглов.

Аймгийн Онцгой комиссоос шатахууны дэмжлэг үзүүлж ажиллана. Харин голомтын бүсэд ажиллаж байгаа хүмүүсийн хоол хүнс зэрэг зардлыг сум хариуцан ажиллах ажээ. 

Ихтамир сум нь өмнө нь шүлхий өвчин гарсан Өгийнуур, Хотонт сумаас баруун хойшоо 127 км-ийн зайтай сум юм.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ