Хүүхэд нэг бүрийн биеийн онцлогт тулгуурлан сувилгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-28 14:39:59
Увс /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний “Солонго” 4-р цэцэрлэг нь багачуудынхаа боловсрол, мэдлэг ур чадварыг дээшлүүлэхээс гадна эрүүл мэнд, хоол хүнсэнд нь онцгой анхаарч ажиллаж байна. Тэгэхдээ хүүхдийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх зорилгоор хүүхэд нэг бүрийн биеийн онцлогт тулгуурлан мэргэжлийн эмчийн дүгнэлтийн дагуу эмчилгээ сувилгаа хийж байгаа ажээ.
Тухайлбал, харшилтай хүүхдүүдийг шар шүүсэнд суулгаж, ханиад томуунд өртөмтгий хүүхдүүдийг хар цайнд оруулдаг байна. Мөн ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч төрөл бүрийн амин дэмтэй шүүс өгч, хөлийн бариа засал хийлгэж, кальци нөхөх уламжлалт аргуудыг ашигладаг байна.
“Бага насны хүүхдийг гэрийн нөхцөлд эрүүлжүүлэх олон уламжлалт арга байдаг бөгөөд үүний нэг нь ясны шөлөнд суулгах юм. Ясны шөлөнд суулгаснаар тухайн хүүхдийн ядаргааг тайлж, дархлааг сайжруулах ач тустай. Энэ мэт хүүхдийг уламжлалт аргаар цэцэрлэгийн орчиндоо чийрэгжүүлэхээс гадна цэцэрлэгийн тогоочийн зүгээс өдөр тутамд хүүхдэд өгч буй хоол хүнсэндээ анхаарч 14 хоногт нэг удаа ээдэмний хайлмаг, 7 хоногт нэг удаа тараг, сард нэг удаа хонины чанасан мах өгдөг” хэмээн “Солонго” 4-р цэцэрлэгийн арга зүйч Б.Одбаяр хэллээ.
Цэцэрлэгийн орчинд хүүхдийг сурган хүмүүжүүлэхээс гадна эрүүл мэндэд нь анхаарч байгаад эцэг эхчүүд талархалтай байгаа аж. Тус цэцэрлэгийн зүгээс цаашид илүүдэл жинтэй хүүхдүүдийг хэвийн жинтэй болгох тал дээр анхаарч ажилахаар төлөвлөжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ