П.Баярхүү: Түгжрэл ихээр үүсдэг 20 уулзварт гүүрэн гарц барих төсөл боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-26 17:44:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2018 онд нийслэлд хэрэгжүүлэх автзозам барилгын төслүүд болон түгжрэлийг сааруулах бодлого болон боловсролын салбарт хийх бүтээн байгуулалтын ажлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанд Замын цагдаагийн газрын уулзварт шинээр барих гүүрэн гарцын талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцууллаа.
Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 4 дүгээр сараас эхлэх бөгөөд 1.6 жил үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор тухайн хэсэгт 8 жижиг замыг шинээр барих, өргөтгөх бөгөөд үүнд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж. Тухайлбал, Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.4 км автозам барихад 393 сая төгрөг, Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академитай холбох 0.3 км автозам барихад 198.2 сая төгрөг шаардлагатай аж. Мөн Хүннүгийн гудамж-Саруул хотхон-Соёлж чиглэлд 0.3 км автозамыг хашлагажуулах, Автозамчдын гудамжийг 13 дугаар хороололтой холбох 0.14 км гүүр барихаар төлөвлөсөн байна.
Энэхүү бүтээн байгуулалттай холбоотой үүсэх автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтад түр хугацаанд буюу ирэх сарын 15-наас 10 дугаар сарын 01 хүртэл өөрчлөлт оруулах шаардлагатай аж. Энэ чиглэлд ажлын хэсгээс хоёр санал боловсруулсан байна.
Нэгдүгээрт, дугаарын хязгаарлалтыг зөвхөн Бага тойрууд хэрэгжүүлэх. Ингэхдээ даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, Баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах бөгөөд бусад бүсэд хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Хоёрдугаар Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүсэд даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, Баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан байна.
Цаашдаа Багшийн дээд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, 100 айл болон Баянбүрд, Саппорогийн уулзвар зэрэг нийт 20 байршилд олон түвшний огтлолцол буюу гүүрэн гарцтай болгох төсөл боловсруулж байгаа аж. Ингэснээр Улаанбаатар хотын автозамыг түгжрэлгүй болгох, дугаарын хязгаарлалтыг цуцлах боломж бүрдэх юм. Энэхүү төлөвлөгөөг Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжсэн тохиолдолд зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэхэд бэлэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү дурьдав.
Үүний дараагаар Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа боловсролын салбарт хийх бүтээн байгуулалтын ажлыг танилцуулав.
Энэ онд Улаанбаатар хотод 18 шинэ сургууль шинээр барьж, 27 сургуульд өргөтгөл барихаар төлөвлөсөн байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9 сургууль шинээр, 25 сургуульд өргөтгөл барих аж. Харин БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 7 сургууль шинээр, Япон улсын буцалтгүй тусламжаар 2 сургууль шинээр барьж, 2 сургуулийг өргөтгөхөөр төлөвлөсөн байна. Мөн онд 46 цэцэрлэг шинээр барьж, 10 цэцэрлэгийг өргөтгөхөөр төлөвлөснөөс 42-ыг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аж. Харин “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийн хүрээнд хоёр, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгөөр хоёр цэцэрлэг шинээр барихаар төлөвлөснийг Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцуулсан юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Монгол Улсад жилд 40 мянган автомашин импортоор орж ирдгийн 80 хувь нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байна. Гэтэл ашиглалтаас гарсан, хогийн цэгт хүргэгдсэн автомашин нэг ч алга. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажил маш чухал юм. Энэ онд хоёр томоохон гүүрэн гарцын ажил нийслэлд эхлэх учраас автозамын түгжрэл нэмэгдэнэ. Иргэд үүнийг ойлгож замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой, хүлцэнгүй байхыг уриалж байна Дээр дурьдсан дугаарын хязгаарлалтын тухай ажлын хэсгийн хоёр саналыг иргэдийн дунд санал асуулга явуулж байж хэрэгжүүлэх эсэхээ шийдвэрлэнэ” гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ