Терроризмтой тэмцэх ажиллагааг нягт зохион байгуулахыг Бан Ги Мүн уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /NHK/. Энгийн иргэдийг хохироохгүйн тулд “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг маш болгоомжтой зохион байгуулах хэрэгтэй гэж Бан Ги Мүн өчигдөр мэдэгдэв.
11 дүгээр сарын 13-нд Парис хотод 100 гаруй хүний амийг хөнөөсөн халдлагыг Бан Ги Мүн буруушаагаад, аймшигт терроризм үйлдсэн этгээдүүдийг устгах ёстой гэж мэдэгджээ. Гэвч терроризмтой тэмцэх цэргийн ажиллагааг олон улсын хуулийн дагуу явуулж, энгийн иргэдийг хохироохгүй байхад гол анхаарлаа хандуулах хэрэгтэйг тэрбээр дурдсан байна.
Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд оролцож байсан ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг Турк сөнөөсөнтэй холбогдуулан тэрбээр, хүсээгүй үр дагавар гарахаас зайлсхийхийн тулд цэргийн ажиллагааг нягт зохицуулалттай явуулахыг уриалжээ.
Парист болсон халдлагын улмаас улс орнууд дүрвэгсдийг хүлээн авахад дурамжхан хандах болсон нь миний сэтгэлийг түгшээж байна гэж тэрбээр мэдэгдэв.
Мөн тэрбээр, дүрвэгсдийн хямралаас болж нийгэм, эдийн засгийн сорилтуудтай нүүр тулж байгаа хэдий ч дүрвэгсдийн эрхийг хамгаалах олон улсын хуульд суурилсан энэрэнгүй шийдвэрийг улс төрийн удирдагчид гаргах цаг нь ирээд байна гэж мэдэгджээ.
Д.Нямтулга