“Би эстрадын дуучин-2018” аймгийн уралдааны шилдгүүд улсын уралдаанд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-21 17:46:15
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Би эстрадын дуучин" уралдаан энэ сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хотын “Мөнгөн Хараа” Дуу бүжгийн чуулгад дөрвөн насны ангиллаар амжилттай зохион байгуулагдлаа.
Хүүхэд багачуудын авьяас чадварыг дэмжин хөгжүүлэх замаар нийгэмшүүлэх, дуулах ур чадвар олгон урлагийн гоо сайхны мэдрэмжийг нь хөгжүүлэх зорилго бүхий эл уралдаанд Сэлэнгэ аймгийн 17 сумаас шалгарсан 160 гаруй хүүхэд оролцсон байна. Энэхүү уралдааны бас нэг онцлог нь монгол эстрадын дууны урын санг баяжуулж, ирээдүйн эстрадын авьяаслаг дуучдыг тодруулах явдал юм. “Би эстрадын дуучин-2018” аймгийн уралдаанд оролцогч хүүхдүүд өөрийн нас сэтгэхүйн онцлог, хоолойныхоо цар хүрээнд тохирсон, монгол эстрадын дуунаас хоёр дууг сонгон дуулж, насны ангилал тус бүрт эхний 5 байрын төлөө өрсөлджээ. Ингээд цэцэрлэгийн 3-5 насны тэргүүн байрт Мандал сумын “Нархан цэцэрлэг”-ийн Д.Амин-Эрдэнэ, 1-5 дугаар ангийн тэргүүн байрт  Мандал 1-р сургуулийн 5а ангийн сурагч Л.Агиймаа,  6-9 дүгээр ангийн насны ангилалд  Сүхбаатар сумын 4-р сургуулийн 6а ангийн сурагч Т. Цэнгүүн, 10-12 дугаар ангиас Хөтөлийн сургуулийн 12д ангийн сурагч Х.Сумьяабазар нар шалгарч ирэх сарын 07-ны өдөр Улаанбаатар хотноо Хүүхдийн ордны Их танхимд зохион байгуулагдах улсын уралдаанд оролцох эрхийг гардан авчээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ