"Нэг ч хүнийг орхигдуулахгүй" уриан дор сүрьеэтэй тэмцэх өдрийг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-21 13:19:34
Ховд /МОНЦАМЭ/ Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Глобаль сангийн санхүүжилтээр сүрьеэ өвчинтэй тэмцэх, сүрьеэгийн тусламж үйлчилгээ, чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа.
Уг сургалтанд аймгийн Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн болон 17 сумын Засаг дарга, сумдын ЭМТ-ийн эрхлэгч эмч, лаборант, БОЭТ-ийн удирдлага, сүрьеэгийн тасгийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 70 орчим хүн оролцов.
Энэхүү сургалт нь жил бүрийн “Сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийг /2018.03.24/ угтаж "Нэг ч хүнийг орхигдуулахгүй" уриан дор Ховд аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Сургалтын хүрээнд Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү “Дэлхий дахины болон Монгол улсын сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал”, Сүрьеэ өвчний тухай үндсэн ойлголт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын сүрьеэгийн талаар баримтлах бодлого, Сүрьеэгийн хавьтлын хяналт, эрт илрүүлэг зэрэг сэдвээр цаг үеийн мэдээлэл хийж, “Хүн амын дундах сүрьеэгийн тархалтын үндэсний судалгаа”-ны үр дүн, “Сүрьеэгийн эмэнд тэсвэржилтийн үндэсний III тандалт судалгаа”-ны үр дүнгийн талаар тус тус танилцууллаа.
Мөн сүрьеэ өвчний сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэхэд анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар оролцогчид харилцан санал солилцож, аймаг, сум орон нутгийн удирдлагуудын зүгээс сүрьеэгийн эрт илрүүлгийг эрчимжүүлэх, сүрьеэгээр өвдөх эрсдэлтэй хүн амын бүлгийг оношилгоо эмчилгээнд бүрэн хамруулах талаар нэгдсэн бодлого шийдвэр гаргах тал дээр санал нэгдсэн юм.
                                                                                                                                    А.Бямбасүрэн
        
 

Холбоотой мэдээ