Хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтан бэлтгэх Санамж бичигт гарын үсэг зурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-18 10:39:21
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл болон Мэргэжлийн боловсрол сургалт/МБС/-ын салбар зөвлөл хамтран ажиллах зөвшилцлийн Санамж бичигт  гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Европын холбооны ”Техник Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Салбарыг Дэмжих-2“ төслийн удирдагч Дэвид Пеэрсон болон хоёр зөвлөлийн төлөөлөл оролцов.
Санамж бичгийн зорилго нь Швейцарын Хөгжлийн Агентлаг (ШХА)-ийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл болон Европын холбооны "Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих-2" төслийн үр дүнд суурилан орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааны ажлыг Ховд аймагт тогтвортой хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэх тогтолцоог хөгжүүлэхэд олон талын оролцоотой хамтын ажиллагааг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх замаар ажилгүйдлийг бууруулахад мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын гүйцэтгэх үүргийг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Цаашид  энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай орчин бүрдэх бөгөөд түүнд шаардагдах мэргэжил, ур чадвартай ажилтан бэлтгэх, зөвлөгөө өгөх, МБС-ын байгууллага төгсөгчдийг суралцах хугацаанд нь ажлын байранд дадлага хийлгэх, төгссөн хойно нь ажлын байраар хангах, зах зээлийн зарчимд нийцсэн тогтолцоо бий болгох ач холбогдолтой гэдгийг зөвлөлийн гишүүд онцлон мэдээллээ.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ