Их-Уул суманд 640 хүүхдийн суудалтай сургуулийн байр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-17 21:49:44

Завхан/МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас Завхан аймагт 2018 онд 14 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх, “Эрх шилжүүлэх тухай” Ц.Цогзолмаа сайдын тушаалын дагуу эдгээр төслийн /тендер/ худалдан  авах ажиллагааг Завханы Засаг дарга хариуцан зохион байгуулахааар боллоо.  
Ийнхүү энэ жил сургуулийн дулааны шугам сүлжээний засварыг Улиастай сум, Жавхлант цогцолбор сургуульд, сургууль, цэцэрлэгийн барилгын их засварыг Завханмандал, Улиастай, Цагаанчулуут суманд, 640 хүүхдийн суудалтай сургуулийн байрыг Их-Уул суманд, Цэцэн-Уул суманд сургуулийн барилга, спорт заал, Баянхайрхан суманд 160 суудалтай сургуулийн барилга спорт заалны хамт, 320 суудалтай сургуулийн барилга спорт заалыг Сантмаргаз суманд тус тус баригдахаар төсөв нь батлагджээ.
Харин 100 ортой цэцэрлэгийн барилга худалдан авахаар Их-Уул сум, 100 ортой цэцэрлэгийн барилга Дөрвөлжин, Шилүүстэй суманд, 50 ортой цэцэрлэгийн барилга Алдархаан суманд, 300 хүний суудал бүхий Соёлын төвийн барилга Баянтэс, Их-Уул сумд, Улиастай сумд 800 хүний суудал бүхий Хөгжимт жүжгийн театрын барилгын ажлын төсөл тендер зарлахаар болжээ.
Дашрамд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” тушаал гарч нийт 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төсөл, арга хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэхээр болсон билээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ