"Дорнын найрагчаа дурсах түүхэн баримтууд" цуврал нийтлэл гаргаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Утга зохиолын нэгдлээс Дорнын их найрагчийн мэндэлсний 89 жилийн ойд зориулан түүний мэндэлсэн өдөр түүнтэй холбоотой хүн бүхнийг дурсах хэрэгтэй хэмээн аймгийнхаа сонинд цуврал түүхийн баримтыг хэвлүүлж эхэлжээ. Тухайлбал гуравдугаар сарын 15-ны өдөр бол их найрагчийн мэндэлсэн өдөр нэртэй цувралыг гаргасан байна. Энэхүү түүхийн баримтууд нь их найрагчтай холбоотой сонирхолтой түүхүүд байх бөгөөд залуу хойч үедээ Б.Явуухулан чухам хэн байсан бэ гэдгийг таниулах зорилготой хэмээн Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн нарийн бичгийн дарга Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Баяржавхлан мэдээллээ.
Ийнхүү анхны цувралыг сонирхвол.
...1945 он. Одоогийн Завхан аймгийн төв Улиастай хотын Худгийн аманд байрлах Улиастайн бага сургуульд утга, уран зохиолд шимтэгчид цуглан, шүлэг найраг хэлэлцэн шинэ бүтээл төрүүлж одоогийн Утга зохиолын нэгдлийн маань үндэс суурийг тавьсан байдаг. Цаг үеийн хүнд хэцүүг туулсан тухайн үед ардын боловсролын сэхээтэн гэгдэх багш нар голдуу, бага сургуулийн авъяастай зарим сурагчид, хамгийн талархмаар нь үүрэг хариуцлага өндөр голлох дарга нар, шуудангийн унаагаар зорин ирдэг сумдын хэл, уран зохиолын багш нараас цуглаан бүрддэг байж. Тэд ердөө 10, 20-уулаа. Улмаар 1947 онд ёс зүйтэй нийгмийг цогцлоож, шинэ төрийн соёлт хүмүүсийг бий болгох ардын засгийн бодлогын хүрээнд намын төв хорооны тогтоолоор "Туяа" сонинг Завхан аймагт байгуулж, идэвхтэн бичигчдийн хүчээр сонин хөл дээрээ бослоо. Тухайн үед мэргэжлийн сэтгүүлчид хангалттай бэлтгэгдээгүй байсан тул бичигчид нь хожмын яруу найрагчид, утга зохиолын салбарын үнэ хүндтэй төлөөлөгчид, нэрт сэтгүүлчдийн анхдагч болсон төдийгүй бичгийн авьяастнуудаа цуглуулан, тэднийг хөгжүүлдэг байсан нь өндөр үүрэг гүйцэтгэжээ. Ийнхүү "Туяа" сонин манай яруу найрагчдын уулзан цугларах, бичин туурвих голомт болсон тул 1949 онд өдгөөгийн Завхан аймгийн Утга зохиолын нэгдэл маань Утга зохиолын дугуйлан нэртэйгээр албан ёсоор байгуулагдаж, гал голомтоо бадраасан түүхтэй. Энэхүү түүхийг эх барилцаж, Утга зохиолын нэгдлийг бат бөх оршин тогтноход үнэлж баршгүй хувь нэмрээ зориулсан хүмүүсийн нэг бол “Алтай хангайн уулс”, “Туждаа хамт явах юмсан” дуугаараа ард түмэндээ мөнхөрсөн зохиолч, нийтлэлч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Дагвын Жамъян /Даг.Жамъян/ хэмээх эрхэм хүмүүн билээ. 1500 гаруй нийтлэл туурвиж, 35 дахь ном, товхимолоо хэвлүүлээд байгаа тэрээр Эрдэнэт хотноо 90 насны сүүдэр зооглон аж төрж байна. Тэрээр С.Удвал ахайтны духан дээр нь үнэрлэсэн явдлыг төрийн шагналын дайтай бодон явдагаа дурсан ярьж, хийж бүтээж, асаж, тэмүүлж асар үнээр туулсан он жилүүдээ хуучилж сууна. Хэдийгээр түүний хоёр мэлмий ертөнцийн нарыг харж чадахаа больсон ч оюун санаа, авъяас билиг, ухаан бодол тунгалагийн дээдээр тунарч байгаад нь бахархан талархаж бас өмөрч байна. Дотоод явдлын яамны Эвлэлийн төв хорооны үзэл суртлын хэлтсийн даргын ажлыг Дорнын их яруу найрагч Б.Явуухулангаас залгаж авсанаасаа эхлээд Монголын Утга зохиол,сэтгүүл зүй, нийгэм соёл, ард түмний оюун санаанд хувь нэмрээ өргөж явсан түүний удирдан авч явсан бүхий л үйл хэргүүд нь шижир алт мэт юм. Ийм л хүмүүний дээд хүмүүс Утга зохиолын нэгдлийн минь түүхийг бичиж ирсэн учраас Дорнын их яруу найрагч Б.Явуухулан найрагчийнхаа мэндэлсэн эл өдөр бид алтан үеийн бүхий л сайхан хүмүүсээ алдаршуулан мөнхөлж, тэднийгээ дурсан дуулж байх учиртай. Тэд бол цагийн бэрх, хүмүүний сорууд дундаас тунарч үлдсэн шижир алт билээ. Тиймээс Завхан нутгаараа овоглосон бүх яруу найрагч, зохиолчиддоо Их найрагчийн төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн сонины цувралд өгүүлжээ.
Б.Мягмарсүрэн