Хүнсний эрхийн бичгийн цаасан талон байхгүй ч цахим бүртгэлээр олгогдож байгаа гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-16 21:35:11

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд нийт 1400 гаруй өрхийн 4100 насанд хүрэгчид, 3400 гаруй хүүхэд хамрагдаж байна. 2017 онд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд аймгийн хэмжээнд 1179 өрхийн 6397 иргэн хамрагдаж байсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2018 оны А/13 дугаар тушаалаар тус үйлчилгээний босго оноо 292.5 байсныг нэмж 310.0 болгосноор 238 өрх энэ онд шинээр  нэмэгджээ.
Тус үйлчилгээнд хамрагдаж байгаа Улиастай сумын өрхийн гишүүдэд цахим хэлбэрээр, бусад 23 сумын өрхийн гишүүдэд цаасан талоноор дамжуулан нэг хоёрдугаар сарын сарын санхүүжилтыг олгосон байна. Харин энэ оны эхэнд шинээр дахин 160 өргөдөл ирснээс найман өрх шалгуурт тэнцэж үйлчилгээнд хамрагдаж, 152 өрхийг  дахин үнэлгээнд хамруулж өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.
Дашрамд хүнсний эрхийн бичгийн цаасан талон хэвлэх аж ахуйн нэгж, байгууллагыг  шалгаруулах тендерийн үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цаасан талон шинээр хэвлэгдэж амжаагүй байгаа. Цаасан талонгүй ч гэсэн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ хугацаандаа тогтмол цахим бүртгэлээр олгогдож байгаа талаар аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газраас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ