Чичирхийллээс үүдэн сургуулийн барилгад хялгасан цууралтууд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-16 16:07:23
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвөөс зүүн тийш 5 км-ийн зайд байх Тээл багийн “Өлөнт” гэдэг газар энэ сарын 15-ны шөнө 02:14 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус газар хөдлөлт нь маш хурдан хугацаанд дуу, чичирхийлэл ихтэйгээр сумын төвийн айл өрхөд мэдэгдсэн байна. 

“Газар хөдөлж, сургуулийн барилгын хана цуурч, цонх хагарсан” гэсэн мэдээллийн дагуу шөнөдөө багтаан аймгийн төвөөс Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хамтарсан ажлын хэсэг очиж ажилласан байна. Мэргэжлийн байгууллагууд “Газар хөдлөлтийн чичирхийлэл нь 640 хүүхдийн сургуулийн шинэ барилгын үндсэн хийц, даацын хананд ямар нэг байдлаар гүн цууралт өгч нөлөөгүй бөгөөд  чичирхийллээс болж хялгасан цууралтууд гарсан байна” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтийн чичирхийллээс үүдэн өнгөн шавар нурж, гүн биш хялгасан цууралт гарчээ.

Эрдэнэмандал суманд ажилласан ажлын хэсэг сумын төвд байгаа бусад бүх барилгуудыг шалгасан ба ямар нэг өөрчлөлт, хагарч цуурсан, нурсан зүйлгүй байсныг аймгийн ОБГ-ын дарга Д.Эрдэнэбаатар хэллээ. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ