Цахим худалдаа хийхдээ хохирохгүйн тулд мэдээллээ сайн цуглуулах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-03-16 13:24:02
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах” Олон улсын өдрийг тохиолдуулж Орхон аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг/ХЭАХН/, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс хамтран “Цахим худалдааны эрсдэлээс хэрэглэгчээ хамгаалъя” уриан дор өдөрлөг  зохион байгууллаа. Өдөрлөгт иргэд болон хувийн аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
Иргэд онлайн буюу цахимаар төрөл бүрийн худалдан авалт хийдэг болсон ч  худалдаж авсан зүйлс нь сурталчилгааны хуудсан дахь мэдээллээсээ зөрүүтэй байх, эсвэл захиалсан бараа нь ирэхгүй байх олон тохиолдол гарч байна. Гэвч иргэд хэнд, хаана хандахаа мэддэггүй хохироод л өнгөрдөг. Тэгвэл цахимаар худалдан авалт хийх гэж байгаа бол хэрэглэгч юуны өмнө албан ёсны цахим хуудас мөн эсэхийг нь шалгах, гэрээт байгууллагад нь хандах, эргээд хандах утас, мэдээлэл байгаа эсэх, бараа бүтээгдэхүүнийхээ баталгаатай, найдвартай талд нь ямар баталгаа өгч байгааг нь сайтар судлах хэрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч цахимаар худалдан авалт хийхдээ мэдээллээ сайн цуглуулах шаардлагатай аж.
Өнгөрсөн онд ХЭАХН-т бараа бүтээгдэхүүний чанар, нийтийн тээврийн үйлчилгээ, СӨХ, цахим тоглоом, олон сувгийн үйлчилгээний талаар 47 гомдол иржээ. Үүнээс цахим тоглоом, олон сувгийн үйлчилгээний чиглэлээр шалгалт хийж, сургалт зохион байгуулсан аж. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг нь хянах, шалгах, мэдээлэх үүрэгтэй.  Харин зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээг МХГ болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч авдаг байна.
Дашрамд дурдахад, жил бүрийн гуравдугаар сарын 15-нд “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах” өдрийг олон улс тэмдэглэж хэрэглэгчдээ мэдээллээр хангах, урамшуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг ажээ.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ