Отроор яваа малчиддаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд 9,1 мянган малчин өрхөд 3,6 сая мал хаваржиж байгаагаас таван чиглэлээр отор нүүдэл хийж байна. Отроор өвөлжиж, хаваржиж буй малчдыг сум орон нутгаас гурван удаа, аймгаас гурван удаа эргэх ажлыг зохион байгуулж төрийн үйлчилгээг хүргэжээ.
Харин аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс тус бүр долоон хүний бүрэлдэхүүнтэй хоёр ажлын хэсэг сум, багийн малчдад явуулын амбулаториор нийт 5700 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай үзүүлсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар хөрш зэргэлдээ Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Увс аймагт 115 өрх, 71,7 мянган мал, Дархан цаазат болон тусгай хамгаалалттай бүс нутагт 89 өрх, 69,2 мянган мал, Хилийн зурвас нутагт 74 өрх 18,1 мянган мал, Отрын бүс нутагт 51 өрх, 55,3 мянган мал, аймаг дотроо бусад сумын нутагт 465 өрх 262,0 мянган мал отроор өвөлжиж хаваржиж байна. Отроор явсан өрхүүд нутагтаа ирж байгаа тул мал сүргийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлтийг 24 сумын мал эмнэлгийн үржлийн тасаг хийж, нутагт нь оруулж байгаа ажээ.
Б.Мягмарсүрэн