Завханд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх байнгын хяналтын цэг ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг малын гоц халдварт өвчин гараагүй байдлаа хадгалан урьдчилан сэргийлэх ажлыг байнга хийж байгаа. Аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн газруудтай хамтран өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн Их-Уул сумын Солонготын даваанд мал эмнэлгийн хяналтын түр цэгийг байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байгаа ажээ.
Аймгийн хэмжээнд 2017 онд халдварт өвчнөөс урдьчилан сэргийлэх арга хэмжээнд 1252,8 мал хамрагдахаас 1252,7 мянган малыг хамруулсан талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Тухайлбал аймгийн хэмжээнд бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 682,0 мал хамрагдахаас 673,4 мал хамрагдсан байна. Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд 24 сумын мал эмнэлэг үржлийн тасгуудын мэргэжилтнүүдээр дамжуулан малчдад гоц халдварт өвчнөөс сэргийлэх заавар зөвлөмжийг байнга хүргүүлж, өвчний эрсдэл бүхий аймгуудаас мал амьтан, түүхий эд бүтээгдэхүүн, өвс тэжээл худалдан авахгүй байх талаар үүрэг чиглэл өгч хариуцлагыг сайжруулан ажиллаж байгаа ажээ.
Мөн өнгөрсөн онд мал амьтны гоц халдварт өвчин гарсан Сүхбаатар, Төв аймгуудаас Тэлмэн, Цагаанхайрхан, Сонгино сумдад хээлтүүлэгч хуц, ухна, сүүний чиглэлийн үхэр худалдаж авчирсан байсныг яаралтай тусгаарлан лабораторийн шинжилгээнд хамруулж, гоц халдварт өвчний үүсгэгч илэрсэн зургаан үхэр, найман хуцыг устган, ариутгал халдваргүйжүүлэлтийг яаралтай авсны үр дүнд гоц халдварт өвчин тархахаас сэргийлж чадсан байна.
Б.Мягмарсүрэн