“Талын агуй”-н аманд хурсан цасыг зөөж зайлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-13 15:51:20
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьгангын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Дарьганга сумын ЗДТГ, Талын цаг ХХК зэрэг орон нутгийн байгууллагууд хамтран байгалийн гайхамшигт тогтоц болох Талын агуйн аманд хурсан цасыг хайлахаас нь өмнө зөөж зайлуулах ажлыг хоёр хоногийн өмнөөс эхлээд байна. 

Гэвч хатуурч зузаарсан их хэмжээний цастай байгаагаас хүч хүрэхгүй байгаа бөгөөд энэ ажилд нутгийн залуусаа нэгдэхийг тэд уриаллаа. Энэ жилийн хувьд Талын агуйн амны цас долоон метрийн зузаан, хааш хаашаагаа 40-50 метр квадрат талбайг хамарчээ. 
Монгол орны байгалийн гайхамшигт тогтоц, одоогоор улсын хамгийн үзэсгэлэнтэй хэмээн нэрлэгдээд буй Талын агуй бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт Шилийн Богд уулаас хойш 15 км зайд тэгш талд оршдог, тус аймгийн аялал жуулчлалын гол бүтээгдэхүүний нэг юм. Гэвч агуй  байгаль цаг уур, хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас хэдхэн жилийн дараа гэхэд хаагдах эрсдэлтэй болжээ. Агуйд зундаа борооны ус, хавартаа шар усны үерийн ус маш ихээр орж мөсний зузаан жилд 21 см-ээр нэмэгдэж байгааг судлаачид тогтоожээ.
2010-2011 онд агуйд хийгдсэн судалгааны ажилд үндэслэн агуйн хамгаалалт, бэхлэлтийн ажлыг жил бүр шат дараатайгаар зохих шатны байгууллагууд хамтран хийж гүйцэтгэж байна. Гэвч энэ нь төдийлөн хангалттай байж чадахгүй байгаа юм.
юм. 
Т.Одончимэг
Холбоотой мэдээ