“Монголчуудын ардчилсан үзэл санааны уламжлал ба орчин үе” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-25 12:55:41

ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, нийгэм-улс төр, ёс зүйн сэтгэлгээний түүхийг дагнан судалсан нэрт түүхч, философич, профессор Д.Дашжамц агсны мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “Монголчуудын ардчилсан үзэл санааны уламжлал ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал маргааш болно.

Хурлыг Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, “СЭТ импекс” компани хамтран зохион байгуулах юм.

Энэхүү хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, Улаанбаатар Их сургууль, Түүх, археологийн хүрээлэн, Боловсролын хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэн судлаачид “Д.Дашжамцын Монголын түүхийн судалгаанд оруулсан хувь нэмэр”, “Д.Дашжамц багшийн  сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалд холбогдох нэгэн бүтээлийн тухай”, “Профессор Д.Дашжамцын өвөөс илэрсэн нэгэн гар бичмэлийн тухайд”, “Д.Дашжамц Монголын түүхэн бие хүмүүсийн намтар, үйл хэргийг судалсан нь”зэрэг илтгэл тус тус хэлэлцүүлэх аж.

Доктор, профессор Д.Дашжамц нь 1958 оноос хойш монголын түүх, түүхэн бие хүний намтар судлал, ёс зүй, нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн чиглэлээр ном, нэг сэдэвт бүтээл 21, сурах бичиг 6, хамтын бүтээл 11, 100 гаруй өгүүлэл, нийтлэл бичиж Монгол, ОХУ, Япон, Куба, Болгар, АНУ зэрэг оронд нийтлүүлжээ.Тэрбээр 1920-1940-өөд оны түүх төдийгүй монголчуудын дэвшилт ардчилсан үзэл санаа, ёс суртахууны хүмүүжлийн уламжлалын асуудлаар жинтэй бүтээл туурвисан нэрт түүхч, философич эрдэмтэн билээ.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ