Хэрлэн сум 2018 оныг багуудын ажлыг эрчимжүүлэх жил болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-12 12:49:15
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн сум 2018 оныг багуудын ажлыг эрчимжүүлэх жил болгон зарласан бөгөөд тус сумын Засаг дарга Ц.Идэрбат багийн Засаг дарга нартайгаа "Батламж" гэрээ байгууллаа.

Уг гэрээнд Хэрлэн сумын багийн Засаг дарга нар Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, бодлого зорилтын хүрээнд нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, нутаг орноо хөгжүүлэх үйлсэд хамтран хүчин зүтгэх, авлига хээл хахуулиас ангид байх талаар онцлон тусгасан байна.

Тус сумынхан төрийн анхан шатны нэгж болох багийн ажлыг эрчимжүүлж өрх бүрт хүрч ажиллан, төр, иргэн хоёрын хамтын ажиллагааг сайжруулахаар зорьж байгаа юм.

Хэрлэн сум нь нийт найман багтай бөгөөд 380,8 мянган га нутаг дэвсгэртэй. Газар нутгийн 363,0 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүнээс 328,6 мянган га буюу 86.3 хувийг бэлчээрийн талбай эзэлдэг. Нийслэл Улаанбаатар хотоос 330 км зайд, хатуу хучилттай автозамаар холбогдсон, тээвэр холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн Чингис хот юм.
Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ