Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө үхсэн малын сэг зэмийг устгахыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-12 10:57:18
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан аймгийн 19 сумын Засаг дарга нартай видео хурал хийлээ. Энэхүү хурлыг аймгийн Хотонт, Өгийнуур сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор хийсэн. Мөн сумдын удирдлагуудаас шүлхий өвчин гарсантай холбоотойгоор авч ажиллаж байгаа ажил арга хэмжээний талаар сонслоо.

Аймгийн Засаг даргын зүгээс сумдын удирдлагуудад ялангуяа шүлхий өвчний шинж тэмдэггүй сумуудад малчдад энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх зөв мэдээлэл түгээх ажлыг хэрэгжүүлж, шуурхай ажиллахыг, 4 дүгээр сарын 1-нээс өмнө машин зам дагуух үхсэн малын сэг зэмийг нөөц боломжоо ашиглан устгахыг тус тус чиглэл болголоо. Мөн 5 дугаар сар гартал аль ч суманд ямар ч хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон юм.

Малын гоц халдварт шүлхийн өвчин гарсан Хотонт, Өгийнуур сумуудтай хил залгаа Хашаат, Хайрхан, Төвшрүүлэх сумууд хязгаарлалтын дэглэмийг тогтоож хүн, техникийн хөдөлгөөнийг хянаж, малчдадаа шүлхий өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл түгээж байгаа ажээ. Энэ ажилтай холбоотойгоор зардал гарч байгааг, Цагдаагийн байгууллагаас хүн шаардлагатай байгаа зэргийг аймгийн Засаг даргад уламжилж шийдэж өгөхийг хүслээ. Засаг даргын зүгээс бензин шатахууны дэмжлэг үзүүлнэ гэв. Мөн дээрх сумуудад Цагдаагийн байгууллагаас хүн явуулж болно гэдгийг хэлээд видео хурлыг өндөрлөв.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ