Хятад улс ядууралтай тэмцэх түүхэн дэх хамгийн том кампанит ажлаа үргэлжлүүлсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-03-06 11:37:42
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улс энэ онд хөдөө орон нутгийн 10 сая гаруй иргэнээ ядуурлаас ангижруулж, хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй 2.8 сая иргэнээ нүүлгэн шилжүүлэх болно гэж тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ 13 дахь удаагийн сонгуулийн  анхдугаар чуулганы үеэр Ли Көцян энэ онд засгийн газрын хийх ажлаа танилцуулах үеэрээ “Хөдөө орон нутагт аж үйлдвэрлэл, боловсрол болон эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх замаар бид ядууралтай тэмцэх болно” гэжээ.
 
Хятад улс ядууралд нэрвэгдсэн газрууддаа илүү тусламж дэмжлэг үзүүлж, ядууралтай тэмцэхэд илүү их  мөнгө зарцуулах аж.
 
Ли Көцян хэлэхдээ “Манай улс зорилтот бүлгийнхэн, тухайлбал ядуу зүдүү амьдарч буй өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд өвчтэй хүмүүст туслах, хувь хүмүүс болоод өрхөд тохирсон арга хэмжээнүүдийг авна.  Ядуурлаас гаргасан хүмүүстээ ч дэмжлэг тусламжаа үргэлжлүүлэн үзүүлнэ. Мөн шинээр ядуусын эгнээ рүү орсон иргэддээ туслах шуурхай арга хэмжээнүүдийг авна” гэжээ.
 
Мөн ядууралтай тэмцэх кампанит ажлын явцад авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан этгээдүүдэд хариуцлага тооцох болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.
 
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад улс 68.5 сая иргэнээ ядуурлаас ангижруулжээ.  Өөрөөр хэлбэл, тус улсад өдөрт 37 мянган хүн ядууралд “баяртай” гэж хэлж байсан гэсэн үг. Тус улсын ядуурлын түвшин 2012 онд 10.2 хувьтай байсан бол өдгөө 3.1 хувь болж буураад байна.
 
Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Симөн хошуу таван жилийн өмнө хамгийн ядуу буурай суурин газруудын нэг байжээ. Ядууралтай тэмцэх ажлын хүрээнд үхрийн аж ахуй болон аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлснээр өнгөрсөн таван жилийн хугацаанд тус хошуунд ядуурлын түвшин эрс буурчээ. Тус хошуу дахь Хятадын комминуст намын /ХКН/ намын хорооны дарга Ян Юй ярихдаа “Манай хошууны эвдэрч муудсан шавар болон модон амбаарт амьдарч байсан хүмүүс шинэ байранд орцгоосон” гэж ярив.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэдэгдсэнээр, Хятад улс нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхээр асар хурдтайгаар урагшилж байна.
 
Америкийн “Executive Intelligence Review” сэтгүүлийн эрхлэгч Уильям Жонс ярихдаа “Ядууралд цэг тавих нь хүн төрөлхтний хамгийн том зорилт юм. Саяхныг хүртэл ядуурлаас хүн төрөлхтнийг ангижруулна гэдэг нь “биелэгдэшгүй мөрөөдөл” гэж үзэх хүн цөөнгүй байсан. Хятад улс энэ мөрөөдлөө биелүүлж байна” гэжээ.
 
Мөн Дэлхийн банкны Хятадыг хариуцсан мэргэжилтэн Хун Сох ярихдаа “Хятад улсын үгээгүй ядууралтай тэмцэх уйгагүй хүчин чармайлт нь дэлхийн ядруулыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байна” гэж цохон тэмдэглэжээ.

Хятад улсын Сангийн яамнаас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус улсын Төв Засгийн газар энэ онд ядууралтай тэмцэхэд өнгөрсөн оныхоосоо 20 тэрбум юань буюу 23.2 хувиар илүү мөнгө зарцуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, тус улс энэ онд ядуурлыг бууруулахад 106 тэрбум юань буюу 16.7 тэрбум ам.доллар зарцуулах юм байна. Мөн ядууралд нэрвэгдсэн хот суурин газруудад, голдуу Хятадын баруун нутгийн хошуудад ядууралтай тэмцэхэд зориулан нэмэлт санхүүжилт өгөх аж.
 
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад улс:
  • Хятадын ДНБ 54 их наяд юаниас 82.7 их наяд юань болж нэмэгджээ. Тус улсын ДНБ өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд дунджаар 7.1 хувиар өссөн байна.
  • 68.5 сая гаруй иргэнээ ядуурлаас гаргажээ
  • Хятадыг зорих жуулчдын тоо 83 саяас 130 сая гаруй болж нэмэгджээ.
  • Томоохон хотуудын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чаджээ.
  • Нэг хүнд ногдох орлого жилд дунджаар 7.4 хувиар өссөн байна.
  • Хот суурин газарт 66 сая гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ.
.
Хятад улсын 2018 оны гол зорилтууд
  • Энэ онд ДНБ-ээ 6.5 хувиар өсгөнө
  • Ажлын байрыг 11 саяар нэмэгдүүлнэ
  • Импорт болон экспортын хэмжээг тогтвортой нэмэгдүүлнэ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ